Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулахаар Талууд тохиролцсон.Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 67 дугаар захирамжаар "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр" байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг, шинжээчдийн багийг томилсон. Уг Ажлын хэсэг, шинжээчдийн багт холбогдох яам, агентлагийн нийт 100 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийсэн. Үүний үр дүнд японы талтай тохирсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, улмаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар зөвшилцсөн болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай юм. Эрхэм уншигч Та дэлгэрэнгүйг хавсралтаас уншина уу.
Tweet