Нэг. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Хууль зүйн шаардлага:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013–2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртхүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэгийг байгуулж бага насны хүүхдийн нийгмийн халамж, үйлчилгээг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж буй энэхүү хуулийн төсөл нь бага насны хүүхдийн эрх, хөгжлийг хангахтай холбоотой үндэсний зорилго, стратегийг тодорхойлсон дор дурьдсан бодлогуудтай уялдана.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар тусгаж сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалах үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-д “Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний найдвартай, чанартай байдлыг хангах” зорилтыг хангахын тулд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдээ эрүүл, эсэн мэнд, эрсдэлгүй өсгөх, хөгжүүлэх, эцэг эхчүүд тэдний гэр бүлийн гишүүдийн ажил бизнесээ эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ, эрэлтийг зохистойгоор хослуулан хангах боломжийг өргөжүүлэхийн тулд бага насны хүүхдэд зориулсан үйлчилгээний олон хэлбэрийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн.
Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийн хууль эрх зүйн шаардлага нь дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтуудаар тодорхойлогдоно.
Энэ шаардлагын хүрээнд “хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл”-ийг боловсрууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялдсан болно.
Практик шаардлага:
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байна.
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай байна.
|
Иймд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, хөгжих эрхийг хангах, хүүхэд бүрт төрөөс үзүүлж буй үйлчилгээг ямар нэгэн ялгаварлалгүй тэгш хүргэх нөхцлийг бүрдүүлэх, улс орны үндэс болсон гэр бүлийн эдийн засгийн баталгаатай байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бага насны хүүхэдтэй өрх гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөгжингүй орнуудад хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангахад чиглэгдсэн хүүхэд харах үйлчилгээ (Child care)-ний нийгмийн үйлчилгээг бий болгон амжилттай хэрэгжүүлж байна.
Манай орны хувьд “Хүүхэд харах үйлчилгээ”-г бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулав.
Хүүхэд харах үйлчилгээг хүн ам, гэр бүлийн хөгжлийг хангах, нийгмийн халамж, хамгааллын албан ёсны үйлчилгээнд оруулах гэж байгаа гэдэг утгаараа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр боловч хүүхэд харах үйлчилгээ нь монголын ахуй амьдрал, практикт нэгэнт бий болчихсон шинэ зүйл бас биш юм.
Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөл нь 2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэгдсэн болно.
Хүүхэд харах үйлчилгээг албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ байна гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан.
Манай улсын амьдрал ахуй дээр одоо оршиж байгаа хүүхэд харах үйлчилгээний нөхцөл байдал нь ч, хөгжингүй орнуудын хүүхэд харах үйлчилгээний агуулга хэлбэр нь ч хүүхэд харах үйлчилгээ нийгмийн асаргаа, халамж, хамгаалал, хүүхэд хөгжлийн агуулга, хэлбэртэй байна.
Хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээ гэдгийг хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон.
Иймд хүүхэд харах үйлчилгээний асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар төсөлд тусгасан болно.
Мөн хуулийн төсөлд “хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “Хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг тусгасан.
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй байх нөхцлийг хангах зарчим нь хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлалын суурь зарчим болж байгаа бөгөөд хуулийн төсөлд энэхүү зарчмыг хангах холбогдох зохицуулалтыг тусгаж өгсөн.
Мөн хүүхэд харах үйлчилгээ нь амьдрал ахуй дээрх нийгмийн эрэлт, хэрэгцээг бодитойгоор хангах чадамжтай байх, тогтвортой, хэвийн явагдах боломжтой байх, төрийн санхүүжилт зориулалтын дагуу хүүхэддээ хүрч, үр дүнтэй зарцуулагдах нөхцлийг бүрдүүлэх зарчмыг баримталж хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттай бөгөөд дор дурдсан зүйлүүдээс бүрдэнэ.
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
4 дүгээр зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим
5 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагчид
6 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
7 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт
8 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл
9 дүгээр зүйл. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт
10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
11 дүгээр зүйл. Эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг
12 дугаар зүйл. Хүүхэд харах төвийн эрх, үүрэг
13 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
түдгэлзүүлэх, хүчингүй болгох
14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
15 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт
16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм,эдийн засгийн үр дагаврын талаар
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар “Хүүхэд харах үйлчилгээ” гэсэн хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын шинэ үйлчилгээ, тогтолцоо бий болгох хууль, эрх зүйн таатай орчин бий болно.
Хүүхэд харах үйлчилгээ нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүд төрөөс хүүхэд бүрт олгож буй санхүүжилтийг адил тэгш боломжтойгоор хүртэх, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торних, хөгжих, хүмүүжих боломжийг бий болгоно.
Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагчид тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болно.
Уг үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Хэрэв хүүхэд харах үйлчилгээнийн тухай хууль батлагдвал нэг хүүхдэд нэг сард хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдоно.
Энэхүү үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролд 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдана.
Хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр дараах үр дүн гарна гэж гэж үзэж байна:
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар.
/beta/upload/files/20141022-Heleltsuulgiintuhai.docx
Энэ хуулийн төсөл батлагдвал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.
Хуулийн хэлэлцүүлгийг хавсаргасан тул нээн, үзэж сонирхоно уу
Tweet