Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.06.17/ хуралдан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуулийн төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа Байнгын хороогоор хэлэлцэж, санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан юм.
Хуралдааны үеэр гишүүд, Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн заалтыг өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Өөрчлөн найруулснаар, татварын эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн тогтоосон 100 сая төгрөгөөс дээш хэмжээний татварыг төлөхөөс санаатай зайлсхийсэн нь төлбөл зохих татварын арван хувиас дээш хэмжээтэй бол хоёр сая төгрөгөөс 15 сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж өөрчлөгдөж байгаа юм. Түүнчлэн 300 сая төгрөгөөс дээш хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь төлбөл зохих татварын 25 хувиас дээш хэмжээтэй бол долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт дэмжигдсэн юм.
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиогч, патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хуулбарласан, үйлдвэрлэсэн бол долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.
Төсөлд Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэсэн зүйл нэмэх саналыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гаргасан. Дээрх зүйлд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан бол, өмгөөлөгч прокурор мөн дээрхтэй адил зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан аж. Энэ санал мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа.
Хуулийн төсөлд Сонгуулийн дүнд нөлөөлж гүтгэх гэсэн заалт нэмэх саналыг мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гаргасан. Энэ заалтад, Сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор сонгуульд нэр дэвшигч нам, хүний нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасны улмаас сонгуулийн дүн өөрчлөгдсөн, эрх бүхий байгууллагад шалгагдсан бол 600 мянган төгрөгөөс долоон сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл тодорхой эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд энэхүү гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан ажилтан үйлдсэн бол долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл эрх хасах, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. УИХ-ын гишүүн З.Энхболд, гүтгэлгийн улмаас сонгуулийн дүн өөрчлөгдсөн гэдгийг тогтоох аргагүй учир энэ хэсгийг хасах, сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдийг иргэн хүн, төрийн албан хаагч гэж ялгах шаардлагагүй гэсэн санал гаргасан нь дээрх заалтад тусан олонхын дэмжлэг авлаа. Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.