Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.28/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэл 14 дүгээр илтгэлүүдийг хэлэлцлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дүгээр илтгэлийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дугаар илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулжээ. 13 дахь илтгэлд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлохыг зорьжээ. Мөн энэхүү илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын баталгаа төр, хувийн хэвшлийн салбарт хэрхэн хэрэгжиж буйг судалж оруулсан байна.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дүгээр илтгэлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзжээ. Мөн Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийг хамгаалагчдын үүрэг, оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон үзэж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар, хувь хүний эрх чөлөөтэй байх, өмчлөх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлыг судалж цаашид авах арга хэмжээний талаар тусгажээ. Тухайлбал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэхүйлчилгээ болон цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг хамруулан авч үзсэн хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дүгээр илтгэлтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ё.Отгонбаяр танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, 13 дугаар илтгэлд жендерийн асуудал, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албадан хөдөлмөр эрхлэлт гээд олон чухал асуудлыг хөндсөнд талархаж байна гээд УИХ-аар хэлэлцүүлэхээрөргөн мэдүүлээд байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд тус Комиссын санал туссан эсэхийг лавлаж байлаа. Мөн тэрбээр, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын зөвшөөрөл, шүүгчийн захирамжаар шийдэх бус үүнд хуулийн зохицуулалт байх ёстой гэж үзээд Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг яагаад таг болов хэмээн тодруулсан.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд санал өгөх талаар бидэнд мэдэгдээгүй. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж эхлэхүеэс манай Комиссоос ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Манай саналууд туссан байгаа гэж хариулсан. Тэрбээр, мөрдөн байцаагч сэжигтнийг хойшлуулшгүй арга хэмжээ авах нэрээр 24 цагаар хорьж, ингэхдээ прокурорт танилцуулж зөвшөөрөл авдаг. Энэ хугацааг шүүгчийн захирамжаар 72 цаг хүртэл сунгадаг. Гэтэл мөрдөн байцаагчид хойшлуулшгүй арга хэмжээ авч байна гээд сэжигтнийг Баасан гарагийн орой аваачаад хорьчихдог, Шүүгчийн захирамж амралтын өдрүүдэд гарахгүй хугацаа алддаг хэмээгээд зүй нь цагдан хорих газрын дарга 24 цагийн хугацаа дуусангуут суллах, үүнийг зохицуулсан заалт байх ёстой гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, ХЭҮК-оос Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал аваагүй юм байна гээд тус Комиссоос гаргадаг зөвлөмж хэрүр ашгаа өгч байгаа вэ гэж асуусан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль буруугаар хэрэглэгдэх магадлал бий эсэхийг лавласан юм. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн хариулснаар, тус комиссоос 2013 онд 20 хуулийн төсөл, 2014 онд 15, 2015 он гарсаар 12 хуулийн төсөлтэй холбогдуулан хүний эрхийн зөрчил байгаа эсэх асуудлаар саналаа өгсөн байна. Тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд юуны түрүүнд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлж байлаа. Алганы амт үзүүлэх гэсэн уламжлалт хүмүүжлийн арга байсаар байгаа өнөө цагт соён гэгээрүүлэх нь хамгийн чухал зүйл гэж нэмж хэлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, ХЭҮК-оос сэжигтнүүдийг хорьж цагдах, мөрдөн шалгах асуудлаар гарч буй алдаа завхралд анхаарлаа хандуулснаар хүний эрхийг зөрчдөг асуудал багасч байгаа юм байна гээд өдөр тутам хүний эрх зөрчигдөж байгаа асуудалд анхаарлаа хэр хандуулж байгааг сонирхсон. Эрхэм гишүүн, зам дээр орхисон машиныг ачдаг, олгосон газраа Засаг даргын захирамжаар буцаан хураан авж байгаа зэрэг асуудлын талаар тухайлан асууж байсан. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Комиссоос 14 удаагийн илтгэл бичихдээ хүний эрхийн бүхий л асуудлыг тусгаж ирсэн. Химийн зориулалттай бодис савлан авчирдаг хөх өнгийн саванд гэр хорооллын иргэд ундны усаа зөөн ууж байгаа асуудлаар ч холбогдох байгууллагуудад хандаад байна гэж хариулсан юм. Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ХЭҮК зөвхөн хэрэгт холбогдоод шалгагдаж буй хүмүүсийн эрхийн асуудлыг яриад байна хэмээгээд гэмт хэргээс болж хохирсон иргэдийн эрхийн асуудал орхигдоод байгааг сануулж байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний эцэст, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлүүдтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол боловсруулан батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.