1 цаг 4 минутын өмнө /2015-04-02 14:30/
Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг нийгмийн хөгжил салбар хуралдааны мэдээллийг тоймлон хүргэж байна. Юун түрүүнд салбар хуралдааны зочноор оролцсон хүмүүсийг онцлон дурдья.
· С.Дэмбэрэл УИХ-ын гишүүн
· Т.Булган БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч
· Б.Найдалаа Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал
· Б.Батжав Монголын Ногоон хөгжил байгууллагын УЗ-ийн гишүүн
· Д.Ганхуяг Нью ком группын Клийн энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал
· Жон Лайонс
Эдийн засгийн форумд Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийг онцолж салбар хуралдаан болгон оруулж ирсэнд оролцогчдын хувьд талархал илэрхийлж байлаа.
Өнөөдөр агаарын бохирдол, дэлхийн дулаарал гээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тоо баримт, судалгаа, бодлогын бичиг баримт гээд бүгд хангалттай байгаа. Хамгийн гол нь тулгамдаж буй асуудал, ямар бодиттой алхам хийх вэ гэдэг гарцын гаргалгааг оролцогчид эрэлхийллээ. Агаарын бохирдлоос болж амьсгалын замаар өвчилж эмчлүүлж буй хүмүүсийн эмчилгээний зардалд 860 сая төгрөг зарцуулагдсан байх юм.
Барилга байгууламж, орон сууцыг анх баригдахдаа л хогийн пункерыг 2-3 хаалгатай хийчихвэл наад захын хүүхэд байхаасаа хогоо ангилж хаяад сурчихна. Нөгөө талаар өчнөөн тэрбумаар хийгддэг хогны уут, ангилан боловсруулж үйлдвэр зэрэг жишээнээс харахад яах аргагүй эдийн засагтай холбоотой.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Ногоон хөгжлийн бодлого гаргасан хэдий ч салбарын яам үзэхээс Сангийн яам хэзээ ч сонирхож үзэхгүй. Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлхийн томоохон байгууллагууд судалгаа баримт гаргаж байгаа ч хэзээ ч бусад яамны албан тушаалтнууд үзэж судалдаггүй. Ганц Дэмбэрэл ч юм уу Байгаль орчны яам ногоон хөгжлийн бодлого яриад хол явахгүй. Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны нийгэм эдийн засгийн байдалд бүхэлд нь нөлөөлдөг гэдгийг өнөөдөр анхаарахгүй байгаад байна” гэв.
Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа:
-Уламжлалт банкир зөвхөн зээл, хадгаламж, төлбөр тооцоо зэрэг асуудал хариуцдаг байсан. Одоо орчин цагийн банкир бол байгаль орчноо хамгаалах, хүний эрхийг дээдэлж буй эсэх, компанийн засаглал нь ямар төвшинд байна гээд олон шалгуур үзүүлэлтийг хянаж судалдаг болчихсон. Монголд үйл ажиллагаа явуулж буй банкууд 2013 оноос Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Та бүхэн үүнийг анзаараагүй байх. НЗДТГ, МХЕГ, БХБЯ зэрэг байгууллагууд олон жилийн турш шийдэж чадахгүй байгаа зүйлийг бид энэ хөтөлбөрөөр дамжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл барилга барьж буй компаниудад 20 хувьд нь ногоон байгууламж байгуулахгүй бол зээл олгохгүй гэсэн шаардлага тавьж байгаа” гэдгийг хэллээ.
Өнөөдөр Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад уулаа ухаж байшин барьж болохгүйг бүгд л мэддэг. Тэгсэн хэрнээ өчнөөн давхар орон сууц, хотхон байшин барьчихдаг. Санхүүжилт олгох ёсгүй хэдий ч хууль зөрчиж буй компаниудад арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, төр засгаас зээл олгосоор өдий хүрсэн.
Аялал жуулчлалын зориулалтаар авчихаад орон сууц бариад зарахад хэн хүнгүй худалдаж авсаар байгаа. Юутай ч арилжааны банкууд энэ бүхэнд өөрсдийн хэмжээнд хязгаар тогтоох гэж оролдлого хийж эхэлсэн нь энэ салбар хуралдааны хамгийн гол онцлох зүйл байлаа. Өнөөдөр эрчим хүчний хэмнэлт гэж ярьж байгаа ч хэдий ч сэргээгдэх эрчим хүчний салбарт төр биш хувийн хэвшлийнхэн ханцуй шамлан орсон. “Нью ком” группын “Клийн энержи”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг:
-Уур амьсгалын өөрчлөлт гэхээр агаарын бохирдол яригддаг. Агаарын бохирдлын 40 хувийг ДЦС, гэр хорооллын айлуудын зуух, автомашин зэрэг эзэлдэг. Гэтэл өнөөдөр тавдугаар цахилгаан станцын төслийг хэр удаан хэлэлцэж ярьж байна. Гэхдээ энэ төсөл удаашралтай хэдий ч явагдаж л байгаа” гэв.
Салбар хуралдаанд төр хувийн хэвшлийн 60 орчим хүн оролцсон. Хурлын төгсгөлд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж амьдрал ахуйдаа нэвтрүүлсэн хүн байна уу гэхэд 3 хүн гараа өргөлөө. Унадаг дугуйгаар, эсвэл ажилдаа алхаж явдаг хүн байна уу гэхэд 6 хүн гараа өргөлөө. Уур амьсгалын өөрчлөлтөд хүн бүрийн оролцоо зайлшгүй чухал гэж ярьж байгаа ч өнөөдөр хэрэгжүүлэгчид нь энэхүү тоогоор илэрхийлэгдэж байна.
У.Бадамцэцэг | GoGo.mn