ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна. Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулав. Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна. Энэхүү илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн дараах асуудлыг авч үзлээ. Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн боловсруулав. Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлохыг зорив.
Дэлгэрэнгүйг хавсралт файлаас татаж авна уу.