Заасан хугацаанд зөвшөөрөл өгөөгүй бол олгосонд тооцно. Бизнес эрхлэгчдэд хамгийн их хамаатай Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орж төрөх гэж байна. Энэ хуулийн зорилго нь бизнесийн орчинд тулгамддаг олон шат дамжлаг бүхий төрийн хүнд суртлыг халах явдал юм. Дэлгэрүүлж хэлбэл, манай улсад бизнес хийхэд маш их бичиг цаас шаардаж чирэгдэл учруулчихаад богино хугацааны зөвшөөрөл олгодог, тэр нь араасаа авлига, хээл хахууль дагуулдаг явдлыг арилгах зорилготой юм.
Энэ хуулийг гарахын өмнө Засгийн газраас ажлын хэсэг гарган бүтэн жил судалгаа хийж, бизнес эрхлэгчдийн саналыг авсан юм. Хуулийг өргөн барихад амаргүй байсан гэж санаачлагчид хэлж байна. 900 зөвшөөрлийг 300 болгон бууруулна гэдэг нилээд шийдэмгий ажил. Ингэхийн тулд төр, засгийн хэмжээнд гилитоны буюу зөвшөөрлүүдийг хэрэгтэй, хэрэггүйгээр нь тас цавчаад явах багийг С.Дэмбэрэл нарын УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнтэйгээр, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга байхад ахлуулаад, түүний удирдлага дор анхлан байгуулж ажилласан юм.
Шинээр мэндлэх гэж буй Зөвшөөрлийн тухай хуулийг шагайж харвал шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, зөвшөөрөл олгох, хянах зэргээр нэг янзын үйл ажиллагаанаас үүддэг бэрхшээл арилах юм байна. Судалгаагаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 930 гаруй ААН-ээс 300 нь тусгай зөвшөөрлөөс чөлөөлөгдөхөөр байгаа аж. Тухайлбал, модон хаалга, цонх хийдэг ААН-д нэгэнтээ стандартаа хангаад үйлдвэрлэл явуулж буй нөхцөлд заавал тусгай зөвшөөрөл гэхгүй. Ер нь тусгай зөвшөөрөл авахад дөрвөн зүйл шаарддаг. Үүнд үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, орчинд сөргөөр нөлөөлөхгүй, бизнесийн шударга өрсөлдөөнийг хориглож, зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж дарамт учруулахгүй байх гэсэн шалгуурууд байдаг. Эдгээр нь зүйд нийцэж байвал заавал тусгай зөвшөөрөл гэхгүй юм байна.
Энэ хуулийн эцсийн үр дүн юу гэхээр улсын хэмжээнд төр, засгийн 54 байгууллага, 914 төрлийн тусгай зөвшөөрөл, түүнтэй адилтгах гэрчилгээ, сертификат, тодорхойлт энэ тэр гээд их олон нэрээр үржчихээд байгаа зөвшөөрлийн тоог 300 болгон цөөлж, тусгай зөвшөөрлийг ахиж “олшруулахгүйгээр”, хүнд суртлын шат дамжлагыг нэмэгдүүлэхгүй байхад чиглэж байна. Энэ талын тусгай бүтцийг Ерөнхий сайдын хажууд байгуулна гэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд хэн дуртай нь гар дүрж, өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулаад байхгүйн тулд энэ талын тодорхой заалт хуулийн төсөлд оруулсан гэх. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг заавал авч байх зохицуулалт хийсэн гэж мэдэгдэж байна. Ингэснээр яам, агентлаг, зохицуулах хороод нэг зөвшөөрлийг дотор нь задлах, олон болгох, нэмэлт нөхцөл шаардлага тавих зэрэгт хаалт хийжээ. Эндээс та хуулийн ерөнхий мэдээллийг үзнэ үү. /2014.12.23/
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим