Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014.12.12/-ийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Г.Баярсайхан, Л.Болд,Н.Батцэрэг саналаа илэрхийллээ. Гишүүд, сургууль цэцэрлэг, эмнэлэг байгуулах хэрэгтэй байна, дарга нарын хэрэглээг багасгах, төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарч байхад тодотголыг яагаад бодитой тооцож оруулж ирж чадсангүй вэ, тодотголд шийдлийг нь тусгасангүй байна гээд 2014 оны төсөвт өрийн ачаалал, эдийн засгийн бодитой хямрал бий болчихсон байгаа тухай хэлж байсан.
Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа төслүүдийн дараагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын байнгын хороодоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар зохицуулалтыг тусгасан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар танилцууллаа.
Утаат тамхины хэрэглээ, дам тамхидалтаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг багасгах, тамхинаас үүдэлтэй уршигт үр дагаврыг бууруулах чухал ач холбогдол бүхий зорилтыг дээрх нэмэлт өөрчлөлт агуулсан боловч утаат тамхи татах далд өрөө, газар бий болох, ахуйн хүрээнд татах, утаат тамхинаас үүсэх хог хаягдал, орчны бохирдол байсаар байгаа нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөөр байна. Энэ хуулийн төсөл нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг амьдралд нийцүүлж сайжруулах, эрх зүйн орчинг илүү тодорхой болгон хүн амын эрүүл мэндийг орчны хог хаягдал, бохирдол, дам тамхидалтаас хамгаалах ач холбогдолтой гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан, Н.Энхболд нар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.
Гишүүдийн асуултын дараа Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Р.Гончигдорж саналаа хэллээ.
Хэлэлцүүлгийн дараа Байнгын хорооноос гаргасан “хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих боломжгүй” гэсэн байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нар танилцууллаа.
Уг нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон заалтийг оруулжээ. Мөн дээрх төсөл батлагдвал тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгож байхаар заажээ.
Хууль санаачлагч гишүүн О.Баасанхүү, Тамхины хяналтын тухай хуулийн дээрх зарим зохицуулалтыг амьдрал практикт хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байгаа талаар дурьдаад манай улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Түүнчлэн, тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцөл буй болгож байна гэв.
Тиймээс энэхүү хүндрэлийг арилгах зорилгоор монгол орны бодит нөхцөлд байдалд нийцүүлэн “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж практикт хэрэгжих бололцоотойгоор өөрчлөх нь зүйтэй байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Ц.Оюунгэрэл нар саналаа хэлсний дараа хурал даргалагчийн зүгээс хэлэлцүүлгийг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцье гээд өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.