Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институт, АНУ-ын Ранд корпораци хамтран “Хөдөлмөрийн зах зээлийг сайжруулж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн үр дүнг өнөөдөр / 2014.12.10 / Улсын Их Хурлын гишүүдэд танилцууллаа. Үр дүнгийн танилцуулгыг АНУ-ын талаас төслийг удирдсан Ховард Ж. Щатз хийлээ.
Төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар Монгол Улстай ойролцоо шилжилтийн улс орнуудтай харьцуулахад ажиллах хүчний оролцооны түвшин бага, ажиллах хүчний оролцооны түвшин 30-49 насны бүлэгт өндөр, 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн бүлэгт бага байна гэсэн судалгаа гарчээ. Мөн боловсрол гэр бүлийн хариуцлага нь хөдөлмөр эрхлэхгүй байх гол шалтгаан болж байгааг танилцуулгад дурдсан.
Залуучуудын хувьд бие давхар болох, эцэг эхээ эсвэл хүүхдээ харах нь хөдөлмөр эрхлэхгүй байх гол шалтгаан болж байгааг судалгаа харуулж байна. Мөн залуусын хувьд боловсролын түвшин нь тэдний ажил хайхгүй эсвэл ажиллахгүй байх гол шалтгаан болдог байна. Гэсэн ч нийт ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуусын 87 хувь нь ирээдүйд ажиллах сонирхолтой байдаг байна. Энэ мэтчилэн олон талаас нь судалгаа хийж Монголын хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн сайжруулах боломжууд байгааг тодорхойлжээ. Тухайлбал хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө орон нутагт байгаа залууст хүргэх, уян хатан чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор бүх шатны сургалтын агуулгыг өргөжүүлэх, ажил олгогчтой нягт хамтран ажиллах замаар ажлын байранд дадлага хийлгэх гэх мэт аргаар суралцах хугацаанд туршлага бий болгох боломжтой хэмээн үзсэн байна.
Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нар оролцож төслийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.