Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан болон зочид буудлуудын ойролцоо гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн шилжүүлгийг энэ ондоо багтаж тодотгомоор байна гэлээ.
Харин Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт орон сууцны гадаа ил зогсоолд байрлуулсан машины цонхыг шөнийн цагаар хагалж эд зүйл хулгайлах, ялангуяа "Приус" маркийн машины толийг хулгайлах гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна. Иргэд анхаарал сэрэмжтэй байж машиндаа цүнх болон бусад эд хөрөнгийг үлдээж явахгүй байхыг анхаарууллаа.
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын дүрмийн хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, "Ач холдинг" ХХК-ийн төлөөллийн хамт дүүргийн бүх хороодоор явж иргэдтэй уулзалт хийсэн. Мөн БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанитай Баянзүрх дүүргийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажлыг гүйцэтгэхээр яриа хэлцэл хийсэн гэлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, 2014 оны төсвийн тодотголыг яаралтай батлуулахыг, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Худалдан авах үйл ажиллагааны холбогдох журам, нийслэлийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулах заавар гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд, сайжруулсан зуухны хэрэглээтэй бүсийг тогтоохыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн хэмжээнд иргэдийг нийгэмшүүлсэн сургалт зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд, энэ сарын 20-ны дотор нийслэлийн дүүргүүд төсвөө хороон дарга нартай ярилцаж бодитой, хэмнэлт гаргасан төсөв оруулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.