Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.02/ хуралдан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулав. Төсвийн байнгын хороо хуулийн төслийг дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй аж. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй. Хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцуулсан. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний талаарх үзэл санааг одоогийн мөрдөж байгаа Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд тусгаагүй байсныг тусгасан хэмээсэн. Түүнчлэн Комиссын УИХ-тай харилцах харилцааг тодорхой болгон, хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг жилд нэг удаа бус улирал тутам гарган УИХ-аар хэлэлцүүлэх, хүний эрх ноцтой зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээний талаарх тодорхой зохицуулалтыг тусгасан гэж тэрбээр илтгэлдээ дурдсан.
Үүний дараа гишүүд асуулт асуун, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа хүний эрх ноцтой зөрчигдсөн үед холбогдох этгээдийг батлан даалтад гарган, хууль зөрчсөн ажилтантай хариуцлага тооцох тухай хуулийн төсөлд тусгасан байгааг дурдаад хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдгийг хэн тогтоохыг тодруулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ХЭҮК-ийн бүрэлдэхүүнийг томилох асуудалд өөрчлөлт орсон эсэхийг лавласан.
Хууль санаачлагч С.Дэмбэрэлийн хариулснаар ХЭҮК-ийн дэргэд мэргэшсэн Зөвлөл ажилладаг бөгөөд дээр Зөвлөлийн шинжээчдын дүгнэлтээр хүний эрх ноцтой зөрчигдсөн эсэхийг тогтоох юм байна.
ХЭҮК-ийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хороо нэр дэвшүүлнэ хэмээн хуулийн төсөлд тусгасан бөгөөд ингэхдээ иргэд, олон нийтийн саналыг авсан байна гэж нэмж тусгасан гэж хууль санаачлагч тайлбарласан.
Харин УИХ-ын гишүүн З.Энхболд, энэ хуулийн төсөлд Засгийн газар санал өгөхдөө 10 зүйлийг шаардлагагүй, давхардсан, хуучныг нь муутгасан, эсвэл хасах гэсэн санал ирүүлснийг дурдлаа. Мөн 32 зүйлтэй хуулийн 32 зүйлийг бүгдийг нь өөрчилсөн хуулийн төслийг нь нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэчилсэн найруулга гэсэн байдлаар оруулж ирэх нь зүйтэй байсан гэж Засгийн газрын саналд тусгагдсан байсныг нэмж хэлсэн. Тэрбээр, хуулийг өөрчилснөөр ХЭҮК-той холбоотой асуудлууд шийдэгдэхгүй нь харагдаж байна гээд Засгийн газрын саналыг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, хуулийн төслийг харахад байцаан шийтгэх үйл ажиллагааны эрхийг ХЭҮК-т олгосон зүйл байна. Хуулийн төслийг хэлэлцвэл энэ мэт зүйлийг хасаад явах байх гээд хүнийг үндэслэлгүйгээр хорьж цагдсан асуудал гарвал энэ нь хуультай холбоотой бус хариуцаж буй ажилтны буруугаас болсон байдгийг тодруулж хэлж байлаа. Үндэслэлгүй хүнийг хорьж цагдсан байвал прокурор, шүүгч ч суллах эрхтэй гэдгийг тэрбээр сануулж хэлээд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ХЭҮК-ийг оролцуулах зүйл байж болохгүй гэсэн юм. Гишүүд ийнхүү саналаа хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танилцуулсан. Тэрбээр хуулийн төслийг боловсруулах явцад олон мэргэжлийн холбоод хамтран ажилласан гэдгийг дурдаад галт зэвсгийн эргэлтэд хяналт тавих зохицуулалтыг бий болгохоор төсөлд тусгасан хэмээсэн. Сүүлийн үед сумны эргэлтэд тавих хяналт алдагдсан бөгөөд үүнд тавих хяналтыг бий болгож байгаа гэлээ. Галт зэвсгийг гаднаас оруулж ирэн борлуулах мэдээллийн сүлжээ нэг болж, үүнд цагдаагийн байгууллага хяналт тавих боложийг уг хуулиар бий болгож байгааг тэрбээр онцолсон. Мөн галт зэвсгийн тээвэрлэлтийн асуудлыг зохицуулан малчдын гар дээрх бууны талаар тусгасан гэж хэлсэн юм. Малчид гар дээрх буугаараа ан хийх эрхгүй ч өмч хөрөнгө, амь бие, малаа хамгаалахад ашиглаж болохоор тусгаснаараа онцлог ажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудыг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танилцуулав.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан Эрүүл мэндийн яамны болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн төлөөллийн саналаар эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй өвчний нэршлийн дагуу шинэчилсэн найруулгын төслийн нэрийг “Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай” гэж нэрлэсэн байна.
Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “...шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ”-г конвенцийн “албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр” гэдэг нэр томьёонд оруулахгүй байхаар зааж, “Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ” гэжээ. Мөн Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “...хүмүүжлийн арга хэрэгсэл болгох...” зэрэг зорилгоор ашиглахыг таслан зогсоохоор заасан аж.
Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмчлэх мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул энэ чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх ажлыг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, согтуурч, мансуурах донтох эмгэгийн улмаас эмчлүүлэгчийн тоо хэд болоод байгааг тодруулсан. Мөн тэрбээр донтох өвчтэйгөө ойлгоод эмчлүүлэхээр шийдсэн хүнийг эмчлэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ хэмээгээд эмчлэх хугацаа, гарах зардлын талаар лавлаж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар 2005 онд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байгаа бөгөөд үүний 8 хувь нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн 1984 онд улсын хэмжээнд архинд донтох эмгэгийн тархалтыг судлахад 0.15 хувь байсан бол 20 жилийн дараа буюу 2014 онд хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 6.2 хувь болж, даруй 40 дахин нэмэгдсэн ажээ.
Архинд донтох эмгэгтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд эмчлүүлэхээр шийдсэн тохиолдолд Наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Наркологийн тасаг иргэдэд үйлчилж байгаа ж. Түүнчлэн иргэд хувийн эмнэлгүүдээс гадна АА гэх мэт эрүүл идэвхтэй амьдрах клубт хандах боломж ч бий аж. Харин энэ хуулийн төсөлд донтох эмгэгтэй ч өөрөө эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа хүнийг албадан эмчлэх талаар тусгасан юм байна. Хуулийн төсөлд албадан эмчлэх хугацааг сараас дээш гэж тусгасан байна. Гадны орнуудад эмчлэх хугацааг 6 сар хэмээн тусгасан байдаг ч манай орны хувьд эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа учир ийнхүү хугацаа тогтоохоос өөр аргагүй байгаа гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.
Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай асуудлийг мөн хэлэлцлээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томиллоо.
Эцэст нь Байнгын хороо хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хавсралтыг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.