-Тэлсэн төсөв эдийн засгийн хүндрэлийг улам лавшруулна гэх Монголбанкныхан үзэж байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон ч Төсвийн байнгын хороонд төсвийг танах нь зүйтэй гэсэн санал хүргүүлсэн. Ямар учраас төсвийг танах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг хангах, тогтворжуулах зорилгоор манай улс богино болон дунд хугацааны бодлогоо жил бүр тодорхойлдог. Энэ нь төсөв, мөнгөний бодлого. Эдгээр бодлогын уялдааг хангах талаар ярьдаг боловч хооронд нь нийцүүлдэггүй засаглалын буруу жишиг Монгол Улсад байсаар л байна. Үүнийг засахаар Эдийн засгийн байнгын хорооныхон санал нэгдсэн юм. Тэгээд Монголбанк, эрдэм шинжилгээний зарим байгууллагын судалгаанд үндэслэсэн төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах найман санал боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Төсвийн зохистой бодлого гэсэн орчин үеийн томъёолол бий. Энэ нь тухайн жилийн төсвийн бодлого нь санхүүгийн секторын тогтвортой байдлыг эвдэхгүй, эдийн засгийн мөчлөгийг сөрсөн, хөрөнгө оруулалт, урсгал зардлаа оновчтой төлөвлөж, зохистой байршуулсан, үр ашгийг голлосон байхыг хэлж буй томъёолол. Үүний дагуу төсвийн бодлогоо боловсруулъя гэсэн санал гаргасан хэрэг. Мөнгөний бодлогод ирэх оны инфляцын өсөлт долоон хувь байхаар тусгасан юм. Гэтэл 2015 онд инфляц 9.5 хувиар өсөх таамагтай байгаа. Зөвхөн мөнгөний бодлогоор төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах боломжгүй. Өөрөөр хэлбэл, инфляцыг долоон хувьд барихад хэцүү гэсэн үг. Төсвийг зохистой хэмжээнд баталж байж төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж чадна. Төсвийн байнгын хорооныхон бидний саналыг буурь суурьтай авч хэлэлцэж чадаагүй. Саяын баталсан төсвийг ирэх оны эхэнд тодотгох гэж байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийг нэг их наяд төгрөгөөр зайлшгүй танах шаардлагатай гэж хэллээ. Төсвийн алдагдлыг өмнөх жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд механикаар дүйцүүлж ирсэн. Энэ жилийн төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Алдагдлыг нь бас л дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүүлж, тодотгож таарна. УИХ 2015 оны төсвийг 1.8 хувийн алдагдалтай баталсан. Үүнийгээ дэвшил гэж үзэж байна. Ингэж үзэх нь үнэндээ учир дутагдалтай. Үнэн хэрэгтээ алдагдал өндөр л байгаа шүү дээ. Төсөв болон түүнтэй адилтгах зардлуудыг нэгтгэн тооцохоор алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний долоон хувьд хүрнэ.
-Төсвийн зардал жил бүр өссөөр байна. Зардал өсөх нь эдийн засагт ямар сөрөг үр дагавартай вэ?
-Төлбөрийн тэнцэлд дарамт болно. Хөрөнгө оруулалтын үр ашигт сөргөөр нөлөөлнө. Орлого талаас нь аваад үзэхээр үйл ажиллагаа нь суларч байгаа хувийн хэвшлийн ачааг улам хүндрүүлнэ. Төсвийг их зардалтай баталсан учраас өндөр орлого олохын тулд хувийн хэвшлийг шахна биз дээ. Гэлээ ч орлого нь бүрдэх үү. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа хумигдаж буй учраас орлого бүрдэхгүй байх магадлал өндөр. Төсвийн урсгал зардлын бүтцийг боловсронгуй болгох, хэмнэх шаардлага тулгарч байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн хөр өнгө оруулалтын үр ашгийг нь гол шалгуур болгосон, богино хугацаанд эргэж нөхөгдөх, хамгийн зохистой зүйлд зарцуулах хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихдаа хүртэл нийгэмд илүү үр ашигтайг нь түрүүлж байгуулах ёстой. Шинэ Засгийн газар энэ талыг нь түлхүү бодож, төсвийн тодотголоо хийх байх. Ингэвэл эерэг төсөв болно.
-Монголбанкныхан санхүүгийн тэлэх бодлогоо ирэх жил хумина гэж хэлсэн. Төсвийн зардлыг бас танах нь. Ингэхээр бодит эдийн засгийг дэмжих санхүүгийн эргэлт муудах юм биш үү?
-Өнөөдөр валютын дотогшлох урсгалыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гэж оролдох, “Оюутолгой”-н санхүүжилтийг харах, нүүрс, зэсийн үнэ өсөх болов уу гэж хүлээх биш, хувийн хэвшлийг мөнгөний болон мөнгөний бус бодлогын арга хэрэгслээр дэмжиж эдийн засгийн хүндрэлээс гарах учиртай. Энэ бол хэн ч маргашгүй үнэн. Бараа, бүтээгдэх үүний үнэ хөдлөхөө больж, банкууд нь Төвбанкныхаа үнэт цаасыг худалдаж аван зээл биш, хадгаламж дээр ажиллаж энэ өвлийг өнгөрөөвөл эдийн засаг улам хүндэрнэ. Эдийн засаг идэвхжих ёстой. Идэвхжүүлэхийн тулд төсвийн зардлыг тэлэх нь зөв сонголт биш. Монголбанк төсөв ийм хэмжээгээр тэлсэн учраас уламжлалт бус мөнгөний бодлогоо үргэлжүүлж чадахгүй гэж хэлж байгаа нь зөв. Эдийн засгаас мөнгө татаж авах бус зохистой хэмжээнд нь бариад, шаардлагатай тохиолдолд нийлүүлж бодит секторыг дэмжин дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөхийг уламжлалт бус мөнгөний бодлого явуулах гэдэг. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоотой чанартай өсөлт бий болдог юм. 2015 онд ийм бодлого явуулахаас өөр арга байхгүй. Одоо Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ асуудлыг ярьж байна. Ерөнхий сайд төсвийг танана гэж хэлсэн нь бодлогын шийдвэр гарахад эерэг дохио өгөх биз. Бодит сектороо дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа тогтворжуулах, төгр өгийн худалдан авах чадварыг хадгалах нь төрийн зорилт байх нь ойлгомжтой. Энэ зорилтыг хэрэгж үүлэхэд төсөв болон мөнг өний бодлогын уялдаа хамгийн чухал.
-Төсвийг танасан ч ам.долларын хомсдол үргэлжилбэл инфляцыг бага байлгахад хэцүү болов уу?
-Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангах юм. Үүнийг Монголбанкны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж томъёолсон байгаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоод худалдан авах чадварыг хангах үүрэгтэй гэсэн үг. Төвбанк бодлогын хүүгээр дамжуулж, үнийг тогтворжуулах арга хэмжээ авдаг. Нөгөөтэйгүүр үнийн тогтвортой байдлыг хангахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах хэрэгтэй боллоо. Өнгөрсөн хоёр жилд төгрөгийн ханш 30 хувиар суларсан нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс аль алийг нь тогтворжуулах хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дотоодод бизнесийн орчин сайжрааг үй байгаа өнөөгийн нөхцөлд валютын ханшийг уян хатан тогтоож, зах зээлийн зарчмаар явуулах нь зүйтэй гэсэн онолын ойлголт амьдралд нийцэхгүй байна. Тиймээс валютын зах зээлд анхаар, тэр бүү хэл интервенц хийдэг оролцогчдынхоо тоог нэм гэсэн үүргийг мөнгөний бодлогоор дамжуулж Монголбанкныханд өгсөн. УИХ улирал бүр инфляцын төлөв байдлыг хянана. Тээвэр ложистикоос үүдэлтэй хиймэл, импортын, Засгийн газрын, үйлдвэрчний эвлэлийн инфляц байна уу гэх мэтээр нарийн дүн шинжилгээ хийдэг болох юм. Ингэж төгрөгийн худалдан авах чадварыг хангахын төлөө ажиллана. Инфляцыг мөнгө санхүүгийн үзэгдэл мэт бодож Монголбанкинд даатгадаг сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Засгийн газар, орон нутгийн захиргаа ч инфляцыг бага түвшинд байлгах төлөвлөгөө боловсруулах шаардлага бий.
-Засгийн газар 2017 онд хоёр их наяд төгрөгийн зээл эргүүлэн төлнө. Одооноос төлөх хөрөнгөө төсөвт тусгах хэрэгтэй гэсэн санал гарч байсан. Гэтэл үүнд нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Хөрөнгө тусгах шаардлагагүй байсан уу?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Төсвийн байнгын хороонд 2015 оны төсөвт зээлийн 20-30 хувьтай дүйх хөрөнгийг тусгаж нөөцөлье гэсэн санал хүргүүлсэн. Улмаар Засгийн газрын өрийн үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах даалгавар өгсөн байгаа. Гэнэтийн ачаалал авахаас сэргийлж зээлээ төлөх төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Жилд хэдэн төгрөг нөөцлөх, зээл төлөх ам.доллараа хэрхэн олох гэх мэтээр төлөвлөхгүй бол эрсдэл үүснэ. Тиймээс төсөвт тодотгол хийх үеэр зээл төлөх хөрөнгө тусгах талаар дахин ярих нь тодорхой.
-Ерөнхий сайд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авъя гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Улстөрчид нэмж зээл авах нь буруу, зөв гэж талцсаар байгаа. Та аль нь зөв гэж бодож байна вэ?
-Бид Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуультай. Одоогийн байдлаар Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэх үүний 40 хувиас давчихсан байгаа. Хууль тогтоогчид гадаадаас нэмж мөнгө зээлэх шийдвэр гаргахад хэцүү. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх, Монголд маш ашигтай, хөнгөлөлттэй зээлийг баталж чадахгүй хоёр долоо хонож байна. Үүнийг бүтэн хоёр жил ярьсан юм. Юуны түрүүнд улс төрийн хоёр том хүчин тохиролцоод Өрийн удирдлагын тухай хуулиа баталчих хэрэгтэй. Ингэснээр өмнөх алдаагаа автахгүй байх, тодорхой зохицуулалтын дагуу өрөө удирдах, тааз нь ч зохистой байдлаар тогтох нөхцөл бүрдэнэ. Хэдийг зээлэх нь дараагийн асуудал. Эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд нэлээд цаг зарцуулна. Эдийн засгаа төрөлж үүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргэтэл хүндрэлээс гаргах суваг нь зээл авах болчихоод байгаа.
Эх сурвалж: www.mongolnews.mn