Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж буй ажээ. 2015 оны улсын нэгдсэн төсөв тэлж батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй байгаа тул мөнгөний бодлогын зөвлөлийг хуралдуулж байгаа юм байна. Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэн 12.0 хувь болгох шийдвэр гаргаад байсан. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцолж байна.
Ирэх онд улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байна. Энэ удаад бодлогын саналыг 2-3 удаа хэлэлцсэний үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргана гэж Төв банк мэдээллээ. Энэ оны зургадугаар сард 655.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан Төв банкны үнэт цаасны хэмжээ бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлсэнээс хойш буурах хандлагатай байгаа юм. Хамгийн сүүлийн буюу энэ сарын 26-ны өдрийн арилжаагаар 34 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжиж нийт үлдэгдэл нь 239.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоо дахин буурсан болохыг Төв банкны тайланд онцолсон байна.