Монгол улсын гадаад худалдаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч барааг импортлохын өмнө загвар дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулдаг, Импортын бүх барааг хилийн нэвтрэх цэг дээр нэг бүрчлэн шалгаж, тухай бүр дээж авдаг, Гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нэг ижил баримт бичиг шаардаж шалгадаг, Улсын байцаагч өөрсдийн үзэмжээр баримт бичиг шаардаж, харилцан адилгүй шалгалт хийдэг, хийх арга, аргачилал ойлгомжгүй, Шаардлагагүй олон шат дамжлагатай байсан зэрэг нь бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөсөн, цаг хугацааг үрж байгаа талаар шүүмжлэл цөөнгүй байдаг.
МХЕГ-аас Хилийн хяналт, шалгалтын үйл ажиллагаатай зарим эрх зүйн баримт бичгийг шинээр хэрэгжүүлж боловсруулж, Засгийн газрын тогтоол, Шадар сайдын тушаал, МХЕГ-ын даргын тушаалаар батлуулж хяналтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн байна.
Хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, сөрөг үр дагаврыг харгалзан импортын барааны эрсдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг боловсруулж БТКУС-ын ангиллын кодоор нийт 5744 бараа бүтээгдэхүүнийг үнэлэн, 3550 барааг хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлсөн. Үүний үр дүнд гадаад худалдаанд хийж буй Хилийн мэргэжлийн хяналт, шалгалт 61,8 хувиар хөнгөвчлөгдсөн төдийгүй хяналт шалгалт оновчтой, үр дүнтэй болж, бизнес эрхлэгчдээс гарах зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хяналтын ачааллыг багасгах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Харин мэргэжлийн хяналтад хамрагдах 2194 бараа бүтээгдэхүүнийг эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр нарийвчлан үнэлэн, эрсдэлийн түвшингээр нь их, дунд, бага гэж ангилан, их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бараанд баримт бичгийн, биет үзлэг, лабораторийн шинжилгээт хяналтыг, дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бараанд баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг, бага эрсдэлтэй бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийхээр болжээ.
Их эрсдэлтэй бараанд амьд мал, мах, үр тариа, цагаан будаа, өндөг, химийн бодис, эм, зэрэг түргэн муудаж гэмтэх бүтээгдэхүүнүүд, дунд эрсдэлтэй бараанд боловсруулсан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, зарим төрлийн химийн бодис хамаарах бол бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүнүүд тус тус хамаарах юм.
Хавсралтаар МХЕГ-аас хэрэгжүүлж буй бичиг баримтуудын жагсаалт болон бусад материалуудыг эндээс үзнэ үү.