Монгол Улсын хэмжээнд ялангуяа Улаанбаатар хот, төв суурин газруудыг холбосон автозам бүхий газар нутагт зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, зам тээврийн осол, дуудлагын тоо ихсэх хандлага ажиглагдах боллоо. Иргэд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан хамгаалах, улмаар эрсдэл тохиолдсон үед учирсан хохирлоо даатгалын журмаар барагдуулах нь дэлхий нийтэд түгээмэл хэвшсэн, санхүүгийн хамгаалалтын арга хэрэгсэлийн нэг юм.
Сүүлийн үед даатгалын компаниудын өрсөлдөөнт үйл ажиллагаа идэвхжиж, үүний үр дүнд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэр дундаа авто тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнд зохих дэвшил, хөгжил гарч байна.
Гэхдээ иргэд авто тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулахдаа даатгалын гэрээний нөхцөлтэй нарийвчлан танилцах шаардлагатай төдийгүй дараах зүйлсийг анхааран уншиж, даатгалын гэрээг байгуулж байх шаардлагатайг зөвлөж байна. Үүнд:
1. Авто тээврийн хэрэгслийг өртгөөр нь даатгуулах нь зүйтэй бөгөөд хэрэв өртгөөс нь багаар даатгуулсан нөхцөлд даатгалын тохиолдол болоход даатгалын компани авто тээврийн хэрэгслийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бууруулж нөхөн төлбөр олгох болно;
2. Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл буюу хасалтуудыг гүйцэд уншиж судалж байхыг анхааруулж байна. Тухайлбал “хурд хэтрүүлсэн”, “хурд тохируулан яваагүй”, “техникийн хувьд бүрэн бус (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт) тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон”,“хориглосон тэмдэг, заалт зөрчих”, “урсгал сөрөх”, “замын үргэлжилсэн тусгаарлах шугам давах” гэх мэт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй байх нөхцөлтэй эсэхийг анхаарах;
3. Даатгалын гэрээнд “даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй” байх нөхцөл тусгагдсан бол даатгуулагчийн үүргээ сайтар уншиж, танилцан хэрэгжүүлж байх;
4. Даатгалын гэрээнд даатгуулагчийн хариуцах хэсэг буюу “өөрийн хүлээх хариуцлага” тусгагдсан бол даатгуулсан авто тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэж хохирол учрахад даатгалын компанийн даатгуулагчид олгох нөхөн төлбөр тэр дүнгээр буурах болно.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 303 дугаар тогтоолоор даатгалын компаниудын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд тавигдах шаардлагыг шинэчилсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын компаниудын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг дахин хянаж байгаа бөгөөд уг тогтоолд нийцүүлэн шинэчилсэн даатгалын гэрээг даатгалын компаниуд 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зах зээл дээр борлуулна. Шинэчлэгдсэн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөлийн талаарх мэдээллийг тухайн үед мэдээлэх болно.
Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд иргэн таны хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо (орон нутагт аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс дэх Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч)-нд хандан, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй.