Сүүлийн саруудад ам.доллартай харьцах төгрөгийн ханш эрчимтэй суларч энэ нь эдийн засаг, бизнесийн идэвхижил, үйл ажиллагаанд, нэн ялангуяа ард иргэдийн амьжиргаанд олон сөрөг үр дагавар учруулж буйд МҮХАҮТ шүүмжлэлтэй хандаж валютын ханшны энэхүү огцом уналтыг багасгах, тогтворжуулах чиглэлд дорвитой, эрс шийдэмгий, бодит амьдралд тулгуурласан, иргэд, бизнесийнхний хүсэл, шаардлагад нийцсэн арга хэмжээнүүдийг ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН авч хэрэгжүүлэхийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уриалж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө УИХ-аар баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан:
төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг сайжруулан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих
эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж ажиллах
санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий, зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих зорилго бүхий “Зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
жижиг, дунд бизнесийн болон бичил санхүүжилтийг дэмжиж ажиллах
валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч ажиллах зэрэг
МҮХАҮТ-аас мөнгөний бодлогыг сайжруулах чиглэлд олон жилийн турш ярьж, хэлэлцүүлж, санал болгож байсан олон асуудлууд тусгагдсаныг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллахыг хүсч байна. Ялангуяа төгрөгийн ханшны уналтыг бууруулах, тогтвортой байдлыг хангах, ханшны эрсдэлээс хамгаалах чиглэлд дараах стандарт бус арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь өнөөгийн нөхцөлд шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
Эдийн засаг дахь долларжилтын хэмжээг зохистой хэмжээнд байлгах, арилжааны банкуудын төгрөгийн болон валютын зээл, хадгаламжийн зохистой харьцааны зөвлөмжийн шинж чанартай үзүүлэлтүүдийг тогтоон арилжааны банкуудад зөвлөмж болгох
Валютын ханшны хэт хэлбэлзэл үүссэн, интервенц дангаар хийх нь үр дүнгүй болоод буй нөхцөлд валютын ханш хэлбэлзэх тодорхой хязгаар буюу “хонгилыг” тодорхойлох замаар валютын ханшны хэлбэлзлийг барих боломжийг бүрдүүлэх
Ам.долларын хадгаламжийн дээд хэмжээг тогтоох, хадгаламжийн хүүгийн түвшинг удирдах зэрэг арга хэмжээнүүдийг тодорхой цаг хугацааны хуваарьтайгаар Төв Банкнаас авч хэрэгжүүлэх
Ам.доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг төгрөгт шилжүүлэх, валютын ханшийн зөрөөнөөс үүссэн алдагдлыг тодорхой эх үүсвэрүүдээс нөхөх зэргээр эдийн засагт ам.долларын эрэлт нэмэгдэхгүй байх арга хэмжээнүүдийг яаралтай авах
Валютын зохиомол эрэлт үүсгэж, бий болгож буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдтэй хариуцлага тооцох, монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж байх хуулийн заалтыг хатуу мөрдүүлэх, үр дүнтэй хяналт тавих
Төгрөгийн ханшны уналтаас хамааран валютын зээл авсан олон аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдал хүлээж буй өнөө үед гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол цаашид байдал улам муудах төлөвтэй байгааг МҮХАҮТ-аас шүүмжлэлтэйгээр анхааруулж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
2013 оны 11 сарын 19
Улаанбаатар хот