Нэгдсэн төсөв Орлого: 7 их наяд, Зарлага: 7.4 их наяд, Тэнцэл: -422.9 тэрбум алдагдалтай.
Дэлгэрүүлбэл: Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 708 тэрбум 510.1 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 5 их наяд 603 тэрбум 277.4 сая төгрөгөөр тус тус батлав.
· Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөгөөр,
· Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөгөөр баталлаа.
· Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөгөөр батлав.
· Энэ хуулиар ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоов.
· Харин ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар баталлаа.
Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-уудыг хавсралтаар батлав.
Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 52 нь буюу 91.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.
Эх сурвалж http://www.ikon.mn