УИХ-аас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2015 оны мөнгөний бодлогоос онцлох ТАВАН ажлыг та бүхэндээ хүргэж байна.
1. Инфляцийг ДОЛООн хувьд ...
2015 онд инфляцийг Монголбанк долоон хувьд байлгах бодлого барьж ажиллана. Өнөөдөр инфляци 12.1 хувьтай байна. Одоогийн инфляцийн задаргааг үзэхээр нийлүүлэлтийн гаралтай буюу мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн инфляци тавхан хувийг эзэлж байна. 2010 онд энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн нөлөөлөл инфляцийн өсөлтийн 40 хувийг эзэлж байв. Тэгэхээр одоогийн байдлаар гадаад валютын ханшийн нөлөөллөөс буюу импортын бараа бүтээгдэхүүний өсөлт ийнхүү инфляцид сөрөг нөлөө үзүүлж байна. Ханшийн өөрчлөлтийн тогтворжилт дунджаар зургаан сарын дараагаас зах зээлд мэдрэгдэж эхэлдэг байна. Тиймээс 2015 онд импортын гаралтай бүтээгдэхүүний өсөлт харьцангуй тогтворжвол инфляцид үзүүлэх нөлөөлөл буурч инфляцийг долоон хувьд барих боломжтой гэж үзжээ.
2. Төлбөрийн системийн хүндрэлээс гарах
Макро бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах нь ирэх онд эдийн засгийг хүндрэлээс гаргах бодлогын үндсэн сорилт болж байна. 2015 оны төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах дээр огтлолцоно.
Төсөв, мөнгөний бодлогын аль аль нь эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцлийг сайжруулж байж эдийн засгийн хүндрэлээс гарах юм.
Үүний тулд:
· Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах,
· Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх,
· Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах,
· Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ авах,
· Төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах,
· Улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулж, эрсдлээс хамгаалах механизм бий болгохыг Засгийн газарт УИХ-ын тогтоолоор даалгаад байна.
3. ХАТУУ ЭСВЭЛ ЗӨӨЛӨН
Инфляцийг долоон хувьд барина гэхээр мөнгөний хатуу бодлого явуулах нь гэсэн хүлээлт үүсэхийг үгүйсгэхгүй. Хатуу бодлого барьж эдийн засгийн эргэлтийг багасгах эсэх нь өнөөдрийн батлагдах улсын төсвөөс шууд хамаарах болоод байна. Өөрөөр хэлбэл ганцхан Монголбанкны Мөнгөний бодлого бус улсын нэгдсэн төсөвтэйгээ уялдаж байж Мөнгөний бодлого төлөвлөсөн ёсоороо хэрэгжих боломжтой билээ. Түүнээс бодлогоос, төсвөөс гадуурх хөрөнгө оруулалт, мөнгөний нийлүүлэлт их хэмжээгээр хийгдээд байх нь нэгдсэн бодлогыг хангах бололцоо олгохгүй байгаа юм. Түүнчлэн 2015 оны улсын нэгдсэн төсөв хэт өөдрөг буюу өмнөх оны батлагдсан төсвөөс орлого нь 17 орчим хувийн өсөлттэй таамагласан нь бодит бус хүлээлт зах зээлд бий болгох улмаар аж ахуйн нэгжүүдэд хохиролтой төсвийн төсөл боллоо гэж эдийн засагчид үзэж байна.
Тиймээс Монголбанк, Эдийн засгийн байнгын хороо 2015 оны төсвийн орлогын өсөлтийн төсөөллийг 2014 оны хүлээгдэж буй өсөлт (4%)-өөс нэмэгдүүлэхгүй байлгах, 2015 оны улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах. Үүний тулд төсвийн нийт зардлыг хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг хүргүүлээд байна.
УИХ ямар төсөв батална түүнд нь тохирсон бодлогыг Монголбанк хэрэгжүүлнэ. Тэгэхээр одоогийн өндөр хүлээлттэй буюу 7.1 их наяд төгрөгийг орлогын төсөөлөлтэй төсөв батлах тохиолдолд Монголбанкыг хатуу бодлого барих шийдэл рүү шахаж буй хэрэг юм.
2014 оны улсын төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл 6.1 их наяд төгрөг байгаа бол батлагдсан төсөв 6.9 их наяд төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл 800 тэрбум төгрөг төсвийн орлогоос дутаж байна. Атал 2015 оны төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлж буй нь дахиад л баахан царцаагдсан барилга, мөнгөө авч чадахгүй аж ахуйн нэгжүүд бий болохыг үгүйсгэхгүй юм. Түүнчлэн валютын эрэлтийг бий болгож улмаар ханшийн савалгааг дахин үүсгэх магадлал нэмэгдэнэ.
Үнэхээр өөдрөг төсөөлөл биелж орлого давах тохиолдолд тодотгол хийх боломж бүрэн бий.
4. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
Банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн болзошгүй эрсдлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын дархлааг сайжруулах ажил хийгдэх юм байна.
Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажил үргэлжлэх аж.
Банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн олгох хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг судалж, дотоод, гадаадын эрх бүхий байгууллагуудтай хамтран үр нөлөөтэй хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлд ажиллах талаар Мөнгөний бодлогод тусгагджээ.
5. Тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх
Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх ажлыг бусад мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран хийнэ.
www.ikon.mn