УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Япон улсын хүүхдийг ивээх сангийн гүйцэтгэх захирал Кунио Сэнга тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Кунио Сэнгагийн хамт Хүүхдийг ивээх сангийн Ази хариуцсан менежер Кацуяа Ёошида, Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода нар хүрэлцэн ирсэн байлаа. Японы Хүүхдийг ивээх сангийн гүйцэтгэх захирал Кунио Сэнга үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрээр мэдээлэлдээ Хүүхдийг ивээх Сан нь анх Англид 1919 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч хатагтай Еглантин Жебб нь хүүхдийн эрхийн асуудлыг дэлхийд анх дэвшүүлэн тавьж хүүхдийн эрхийн тунхагийг боловсруулж байсан түүхтэй. Түүний боловсруулсан Хүүхдийн эрхийн тунхаг нь 1924 онд Үндэстнүүдийн лигээр батлагдаж улмаар 1989 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болж батлагдан хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн конвенц болоод байна. Тус Конвенцид тунхагласан зарчим, эрх, үүргүүд Хүүхдийгивээх сангийн үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж байдаг. Эгнээндээ 30 орны үндэсний байгууллагыг нэгтгэсэн Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвсэл нь дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг.
Тус сангийн Монгол дахь хөтөлбөр нь хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчмыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодит системтэй шийдлийг олох арга зүйг эрхэмлэн ажилладагбайна. “Боловсрол”, “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрхийн засаглал” гэсэн гурван хөтөлбөртэй. Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймгуудад салбартай бөгөөд шинэ хөтөлбөр болох ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд эдийн засаг менежмент, аж ахуй эрхлэлт, техникийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.
Цаашид энэ салбарт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахад хүүхдийг ивээх сангийн гүйцэтгэх захирал "таны дэмжлэг" бидэнд хэрэгтэй байгаа гэсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: “Монгол хүн байх, амьдрах ухаанд суралцахад бага наснаас хүүхдийг эдийн засаг, эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй болгох, төлөвшүүлэх хэрэгтэй” байгааг дурдаад, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба