УИХ-ын чуулганы 2014 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уншиж танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.
Дээрх тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Монголбанк дангаараа санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй, харин тус дэм үзүүлэх чиг үүргийн хүрээнд инфляцийг 2015 онд яаж 7 хувь болгох, валютын ханшийг хэрхэн савалгаагүй байлгах, төсөв мөнгөний бодлогын харилцан уялдааг хэрхэн хангах, макро эдийн засаг, хувийн хэвшлийг хэрхэн яаж идэвхжүүлэх гэсэн чиглэлүүдийг 2015 оны мөнгөний бодлогод суулгаж өгөх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан. Эрхэм уншигч та байнгын хорооны санал дүгнэлтийг хавсралтаас нээн үзэж, хурлын видеог бичлэгийн сангаас нээн үзнэ үү.
С.Дэмбэрэл гишүүний ажлын хэсэг.