Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.16/ нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг өргөн барьсныг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж ийнхүү Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нар уншиж танилцуулав.
Үдээс өмнө хуралдсан эдгээр байнгын хороодоос дараах сайд нарыг чөлөөлүүхээр гаргасан саналыг хэлэлцэж дэмжсэн байна. Үүнд:
1/Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
2/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
3/Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
4/Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдын;
5/Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын;
6/Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын;
7/Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөх тухай санал байв.
Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны дарга болон Ерөнхий сайдаас асуулт асуусан. Гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас, Засгийн газрын бүтцийг хийх болсон шалтгаан, сайн ажиллаж байгаа сайд нарыг солих болсон үндэслэл гэх зэрэг асуултдаа хариулт авсны дараа үгээ хэлж санал хураах болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонх сайд нарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжин, Улсын Их Хурлын тогтоолыг төслийг баталлаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан15 цагаас эхлэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.