Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.10.07/ хуралдаан 9 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.
Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны дарга А.Бакей хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаар намын бүлэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул ажлын нэг хүртэлх өдрийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан хойшиллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.