Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, “Монголын Ахмад багш нарын холбоо”-той хамтран өнөөдөр /2014.09.27/ Төрийн ордны Их танхимд ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг зохион байгуулав.
Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, “Монголын Ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Д.Амар, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав нар болон боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан 300 гаруй ахмад багш оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хүндэтгэлийн уулзалтыг нээж үг хэлэв.
Тэрээр юун түрүүн Монгол Улсын нийт багш, сурган хүмүүжүүлэгч , ахмад багш нартаа Олон улсын багш нарын болон Монголын багш нарын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос чиг үүргийн дагуу авч хэрэгжүүлж буй зарим ажлуудаас танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Байнгын хороо санаачлан холбогдох чиг үүргийн яам, агентлагтай хамтран өнгөрөгч 06 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг олон чухал хуулийн төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх болно. “ гэв.
Мөн тэрээр “Монголын Ахмад багш нарын холбоо”-ноос санаачилсан нийгэмд тулгамдаад буй архидалтыг таслан зогсоох зорилготой “Архидалгүй Хэнтийчүүд” уриалгыг дэмжиж ажиллахаа мэдэгдэж нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, түүний дотор ахмад багш нарыг оройлон оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ үеэр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд суралцаж буй 700 гаруй мянган хүүхэд, 200 гаруй мянган оюутан, 50 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчдийн өмнөөс ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэн баярын мэнд дэвшүүлж байгаагаа илэрхийлээд эх орондоо хийсэн бүтээсэн арвин их бүтээлтэй ахмад багш нарынхаа хойч үе, үргэлжлэл болж байгаа нь бидний нэр төрийн хэрэг хэмээсэн юм.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарыг шагнаж урамшууллаа. Монгол Улсын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт шагналаар ахмад багш Н.Агар, А.Чулуунбат нарыг, харин “Монголын Ахмад багш нарын холбоо”-ны дээд шагнал "Багшийн гавъяа" шагналаар ахмад багш Г.Эрдэнэбат, Г.Мандалсүрэн нарыг, “Бүтээлч багш”-аар М.Тогоохүү, Д.Цагаанхүү, С.Янжинлхам нарын багш нарыг шагнаж урамшууллаа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн анхны багш Л.Норжмаа энэхүү уулзалтанд уригдан оролцсон бөгөөд Гишүүн маань багшдаа баяр хүргэн, бэлэг өгч, баярлуулжээ.