Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар 2014 оны 09 сарын 12-нд Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дугаар ээлжит хуралдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ээлжит форумын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хуралдаанд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж байгаа чухал өдөр бидний уулзалт болж байна гээд тус байгууллага нь анх таван гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж, амжилттай ажиллаж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр худалдааг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах болон ногоон эдийн засагт шилжих, ногоон үйлдвэрийг хөгжүүлэх нь Монгол Улсын төр, засгийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудын нэг хэсэг гэдгийг дуулгаад энэ талаар хуралдаж цаашдын хөгжлийн гарцыг олох, өөрийн орны бүс нутгийн бизнесийг тэр зүгт чиглүүлэхээр хамтран хэлэлцэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэд хэдэн бодлого боловсруулан хууль эрх зүйн болоод хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлд бодитой алхмууд хийснийг онцлоод үүнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Хурлын төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг их ажлынхаа хажуугаар цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд хурлаар ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн энэ удаагийн чуулга уулзалт маш үр дүнтэй болж байгааг онцлоод Монгол Улс өндөр хэмжээнд маш сайн зохион байгуулж байгааг дуулгасан юм. Хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдсанаараа хамтын ажиллаагаанд ахиц дэвшил гарч байна гэдгийг хэллээ.