Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс эрхлэн гаргасан “Эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг даван туулах чадварыг бий болгох замаар хүний хөгжлийн ахиц дэвшлийг бататгах нь” сэдэвт дэлхийн хүний хөгжлийн 2014 оны илтгэлийг танилцуулах уулзалтыг өнөөдөр /2014.08.28/ МУИС-ийн төв байранд зохион байгуулав.
Дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, ялгаварлан гадуурхлыг зогсоох, хүний хөгжлийн тогтвортой байдлыг дэмжихийн төлөө ажиллаж байна.
Энэхүү илтгэлд эмзэг өртөмтгий байдлыг бууруулах, эрсдэлийг даван туулах чадварыг бий болгох гэсэн харилцан уялдаа холбоотой асуудлыг авч үзсэн нь хүний хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурал Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж, хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх 9 дэх зорилгыг шинээр нэмж оруулсан цөөн орны нэг. Илтгэлээс үзэхэд манай улс хүний хөгжлийн индекс 2013 оны байдлаар 0.698 болж дэлхийн 187 орны дунд 103-р байрт оржээ.
Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд хүний амьдралын туршид тохиолдох эмзэг байдлыг тодорхойлж, эртнээс амьдралын чадавхид хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйн төлөв байдалд сайнаар нөлөөлж аливаа эрсдэл өртөхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Манай улсад ядуурал, нийгмийн гадуурхалт, эмзэг байдалд бага насны хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настнууд өртөмтхий хэвээр байна. Эрсдлийг даван туулахын тулд иргэн бүр ажилтай, орлоготой байж, хуримтлалыг бий болгох замаар аливаа эрсдэл, эмзэг байдал, ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Үндэсний 5 дахь удаагийн хүний хөгжлийн илтгэлийг хэлэлцэж, гишүүд санал, дүгнэлтээ гаргасан. Өнөөдөр манай улсын хүн амын 70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа ч 10-20 жилийн дараа хүн амын насжилт эрчимтэй явагдаж, нийгмийн халамж, хамгаалал, даатгалын тогтолцоонд ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.
Хүний хөгжлийн илтгэлд бүх нийтийг хамруулсан нийгмийн хамгааллын хүчтэй тогтолцоог бий болгох, хүн амын ажил эрхлэлтэнд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
Бид бүх нийтээрээ шударга, хариуцлагатай төрийн тогтолцоог бий болгох, авлигал, хээл хахуультай тэмцэх, мэдээллийг нээлттэй ил тод байлгах, иргэдийг шударгаар ажиллаж, амьдрах нөхцөл бололцоогоор хангах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадвал бид ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэн бүр амьдралын мөчлөг дэх аливаа зөрчил, хямрал, эрсдлээс бүрэн хамгаалагдах болно.
Даяаршлын нөхцөлд хил хязгаараас үл хамаарах эрсдлийг даван туулахад улс орнуудын хамтын идэвхтэй үйл ажиллагаа чухал бөгөөд олон улсын түвшинд засаглалыг сайжруулах, нийтээрээ хариуцлагатай байхыг илтгэлд дурдсан байна.
Хураангуй илтгэлийг хавсаргав.