Япон улсын Парламентийн гишүүд, бизнесийн төлөөлөгчид УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон Монголын бизнес эрхлэгчидтэй энэ сарын 21-ний өдөр уулзалт хийлээ.
Японы бизнес эрхлэгчид манай улсын нисэх онгоцны буудлын менежмент, үйлдвэрийн инженер, дэд бүтцийн инженер, барилгын ажил, ложистик, аюулгүй ажиллагаа, хамгаалалтын үйлчилгээ, ухах, нөхөн сэргээлтийн инженер, авто машин импорт, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Монгол, Японы хамтын ажиллагааны түүхийн хуудсанд сүүлийн үед гурван нэр шинээр нэмэгдээд байна. Энэ нь Стратегийн иж бүрэн түншлэл, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ санаачилсан Эрч хөтөлбөр юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийснээр хоёр орны гадаад худалдаа илүү чөлөөтэй болох боломжтой. Япон улсаас бараа үйлчилгээ, хөрөнгө оруулалт оруулж ирэх, Японы зах зээлд гарах сонирхолтой манай аж ахуйн нэгжүүд олон бий. Энэ ажлыг Эрч санаачилгын хүрээнд ч амжилттай хэрэгжүүлж болох юм. Энэ оны хоёрдугаар хагас жилийн байдлаар Монголын улсын ДНБ-ний бодит өсөлт 5.3 хувьтай байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал буурсан байгаа үзүүлэлт юм. Энэ юуг харуулж байна гэхээр Монгол улсад уул уурхайгаас өөр салбараа хөгжүүлэх шаардлагатайг харууллаа. Тогтвортой хөгжил, ногоон хөгжил хэрэгтэй байгааг сануулж байгаа юм. Монгол улс ийм сануулгатай байгаа үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал хэрэгтэй. Тэр дундаа түнш Япон улсын оруулах хувь нэмэр их юм шүү гэдгийг онцлон хэллээ.
Мөн энэ үеэр ирэх аравдугаар сард С.Дэмбэрэл гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөлөл Япон улсын Хоккейдо мужид айлчлах тул бизнес эрхлэгчдийг оролцохыг уриаллаа.
Японы парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Итоо Тадахико хэлэхдээ, би Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байна. Хот төлөвлөлт, гэр хорооллын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ямар байр суурьтай байгааг сонирхож байна. Мөн бид Говь компанийн үйлдвэрт зочиллоо. Ноолуурыг сайн боловсруулж, ашиглаж байна. Харин хонины ноосыг боловсруулах тал дээр дутагдалтай байна. Хонины ноосыг боловсруулах тал дээр Японы зарим мужууд их туршлагатай. Та бүхэн техник, технологиос нь суралцаад ашиглаарай хэмээн зөвлөв.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сэргэн мандалт группын Ерөнхийлөгч М.Төмөрчулуун хариулт өглөө. Тэрбээр, Улаанбаатар хотын гэр хорооллыг орчин үеийн болгох чиглэлээр Хотын захиргаа ажиллаж байгаа. Өндөр, өндөр байшин барилга барихыг чухалчлахгүй байна. Халуун, хүйтэн, бохир усны шугам хоолой тавих гэж байна. Усан хангамж дээр анхаарч байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэр усны шугам баригдаад ашиглалтанд орох гэж байна. Гэр хорооллын иргэдийн одоо эзэмшиж байгаа газрыг үнэ оруулах, ногооноор нь байлгах чиглэлээр хатуу байр суурьтай байгаа тухай хэллээ.
“МCS-Energy” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр: Манай компани хувийн хэвшил гэдэг утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж агаарын бохирдлыг багасгах чиглэлээр ажил хийхээр төлөвлөж байгаа. Үүний хүрээнд нүүрснээс шингэн болон хийн түлш гаргах төслийг бид хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийг Японы компанитай хамтран хэрэгжүүлэхээр энэ оны долдугаар сард санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан. Мөн Тавантолгой дахь цахилгаан станцын төслийн ажил байгаа. Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгох, тендерийн шалгаруулалт хийгдэж эхэлсэн. Энэ төсөлд Японы хоёр компани ажиллахаар тендерийн шалгаруулалтанд оролцож байна. Манай компанийн хэрэгжүүлэх дээрх хоёр төсөл нь энергийн салбарт чухал, стратегийн ач холбогдол бүхий төслүүд болох юм. Энэ ч утгаараа хоёр орны хоорондын үлгэр жишээ хамтын ажиллагааны загвар төсөл болно гэж итгэж байна гэв.
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: Уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сарын өмнө Япон улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр бизнес уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтанд Япон улсын 500 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Энэ айлчлалын үеэр манай бизнесийнхэн тодорхой хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тухайлбал, манай хоёр банк өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээлээ. Айлчлалын үеэр гаргасан хамгийн том шийдвэр бол хоёр орны Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулах зохицлын түвшинд хүрсэн. Үндсэндээ хэлэлцээг дуусгасан. Одоо техник ажил үлдсэн. Техникийн ажил гэдэгт нь орчуулгаас эхлээд, хоёр орны Засгийн газрын хурал, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх юм. Ингэхээр тодорхой цаг хугацаа шаардагдана. Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр томоохон шийдвэрүүдийг гаргаж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Хамгийн чухал нь хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийж, өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалтын шинэ хууль мөрдөж байна. Хоёр орны хооронд хийх эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь дотроо 13-14 чиглэлтэй. Шууд бизнес эрхлэгчдэд очих нөлөөлөл нь барааны гаалийн татварыг чөлөөлөх байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагад бүртгэгдсэн, гаалийн кодлолоор 9000 орчим барааны татварыг чөлөөлөхөөр хэлэлцээр хийсэн. Хоёр орны бизнес эрхлэгчдэд зардал буурах үр дүн гарна гэж хэлж болно. Мөн хөрөнгө оруулалтын хэсэг чухал юм. Хөрөнгө оруулалтын хэсэгт бидний хүлээж байгаа зорилго бол Японы үйлдвэрлэлийн туршилга, Монголын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэмэр болох зорилгыг агуулж байгаа юм. Өмнө нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зээл тусламж дээр тогтож байсан. Энийг бид эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дэмжлэгээр бизнесийн чиглэл, хөрөнгө оруулалтыг нь түлхүү хөгжүүлэх зорилго баримталж байна. Өнөөг хүртэл 500 гаруй Японы бизнес эрхлэгчид манай улсад компани байгуулсан байдаг юм билээ. Ихэнх нь ЖДҮ эрхлэгчид байна, мэдээж томоохон хөрөнгө оруулагчид нь банк санхүү, харилцаа холбоо, барилгын салбарт орж ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж таатай болсон, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдсэнээр Японы хөрөнгө оруулагч нарт Монгол улс зах зээл, төрийн дэмжлэг талаасаа илүү таатай нөхцлийг бүрдүүлж чадаж байна гэж та бүхэн ойлгох хэрэгтэй гэлээ.
Эдийн засгийн харилцааны хувьд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд энэ утгаараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ.
http://www.mongolchamber.mn/