НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Дэлхий нийтийн хандлага
1992 онд Бразиль улсын Рио де Жанейро хотноо чуулсан НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” дээд хэмжээний хуралдаанаас тогтвортой хөгжлийн асуудлыг дэлхий нийтийн эрхэм дээд зорилго болгон дэвшүүлсэн юм. Уг хуралдаанаар дэлхийн улс орнуудыг “Риогийн тунхаглал”, “21 дүгээр зууны мөрийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг уриалснаас хойш өнгөрсөн хугацаанд улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо тодорхойлон хөгжлийн бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ирсэн ч өнөөдөр ихэнх улс оронд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлууд тулгамдсан хэвээр байна.
2012 оны 6 дугаар сард буюу 20 жилийн дараа Бразиль улсын Рио де Жанейрод болсон НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас өнөө болон хойч үеийнхэнд тогтвортой хөгжлийн ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор нь авч үзэх шаардлагатайг чухалчлан ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал хэрэгслийн нэг болохыг зөвлөсөн болно. Гэхдээ улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон хөгжлийн алсын хараа, арга загвар, хандлагатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэсэн юм.[1]
Тогтвортой хөгжилд амжилттай хүрэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тулгуур хүчин зүйлийг нэгдмэл байдлаар авч үзэх тогтвортой хөгжлийн засаглалыг бэхжүүлэх, түүний үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мянганы хөгжлийн зорилтуудыг 2015 онд дүгнэж, түүнээс хойш нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан уялдаатай хөгжлийн шалгуур үзүүлэлт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулахаар уг хурлаас шийдвэрлэжээ.
“Ногоон эдийн засаг нь байгаль орчны эрсдэл, экологийн доройтлыг багасгахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулах, нийгмийн тэгш байдлыг хангах, бага нүүрстөрөгч бүхий нөөц, баялгийн үр ашигтай ашиглалтыг хангах зорилготой” гэж тодорхойлжээ.[2] НҮБ-ын БОХ-ийн судалгаагаар ХАА, барилга, эрчим хүч, ойн аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, усны дэд бүтэц зэрэг салбарыг ногоон хөгжилд шилжүүлэхэд жил бүр ДНБ-ий 2 хувийг нэмж зарцуулахад 2050 он гэхэд эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг бууруулж, хүн амын амьдралын чанарыг сайжруулахын хамт эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжийг бүрдүүлэхдэлхий даяар ногоон эдийн засагт шилжих зорилт нь мөрөөдөл биш бодит зүйл гэж онцолсон байна.
1.2. Ногоон хөгжлийн хандлага
Ногоон хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго нь экосистемийн доройтол, бохирдлыг багасгаснаар эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ ядуурлыг бууруулахад оршино. Хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн тэгш байдлыг хангах асуудал төвд нь оршино. Байгаль хамгаалал болон хүний хөгжилд хөрөнгө оруулснаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулан, ядуурлыг бууруулах замаар нийгмийн тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэн, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангах болно.
Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийн ашиглалтад тулгуурлан эдийн засгийн өндөр өсөлтийг бүрдүүлсэн боловч байгалийн нөхөн сэргээлт, унаган байдлыг хадгалахад зарцуулсан хөрөнгө оруулалт хэтэрхий бага байна. Мөн ногоон хөгжлийн зорилтыг хангах цэвэр технологи, хүний хөгжилд оруулах хөрөнгө бага байсан өнөөгийн хандлагыг өөрчлөн:
-байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, байгалийн нөөцийн үрэлгэн хэрэглээг эдийн засгийн арга хэрэгслээр зохицуулж, бууруулах;
-байгалийн нөөцийг хомсдуулах, орчныг доройтуулах чиглэлд Засгийн газрын хөрөнгө,төсвийн зардлыг хязгаарлах;
-байгаль хамгаалал, цэвэр технологи, хүний хөгжилд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
-олон улсын худалдааны зохицуулалтад ногоон хөгжлийн шалгуурыг тусгах асуудлыг бодлогын хүрээнд дэвшүүлж, түүнд зохицсон нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилт, чиглэлийг тусгасан болно.
1.3. Монгол улсын ногоон хөгжлийн боломж ба сорилт
Монгол улс иргэдийн оролцоог хангасан тогтвортой хөгжлийн засаглалыг бүрдүүлэн бэхжүүлснээр ногоон хөгжлийн гарааг эхлүүлэх боломжтой юм. Монгол хүний дасан зохицох чадвар болон оюуны чадамж өндөр бөгөөд хилийн чанадад сурч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн эзэмшсэн өндөр боловсрол, нарийн мэргэжлийг бүтээлчээр ашиглах боломж байна. Хүн амын бүтцэд 15-40 насны залуучуудын эзлэх хувь 47 байгаа нь ажиллах хүчин, хүний хөгжлийн хэтийн ирээдүй сайн байгааг харуулна.
Манай орны газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөөрөө байгаа нь урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг тэр хэрээр нэмэгдүүлж байна. Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн байгаль, эх дэлхийгээ хайрлах, газар орны нөхцөл байдалтайгаа зохицон амьдрах арвин их мэдлэг, соёл, уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилттай хослуулан ашиглах замаар уур амьсгал, байгальтайгаа зохицсон “Ногоон хөгжил”-ийн үндсийг бүрдүүлэх боломж бидэнд байна. Өргөн уудам газар нутгийнхаа байгаль орчин, уур амьсгалын эмзэг, эрс тэрс байдал, чадавхийг харгалзан байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юм.
Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч 2012 онд инфляцийн түвшин 14,0 хувь, төсвийн алдагдал ДНБ-ний 8,4 хувь байна. Төсвийн зардлыг тоо хэмжээгээр бус, төсвийн зардлын бүтэц, чанарыг сайжруулснаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Сүүлийн 10 жилд, шинэ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээ 35 дахин нэмэгдсэн боловч үр ашигтай эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ сайжирсангүй.
Ногоон хөгжлийн зорилтуудыг хангах боломж бололцоо манай улсад байгаа боловч ядуурал, орлогын тэгш бус байдал харьцангуй өндөр, эдийн засаг нь цөөн нэр төрлийн нөөц баялагт тулгуурласан, өрөөсгөл бүтэцтэй, эрчим хүч, нөөцийн хэрэглээ үр ашиг муутай, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй өндөр, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байна.
ХОЁР. НОГООН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА, БАРИМТЛАХ ЗАРЧИМ,
ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛГО
2.1 Алсын хараа
Үндэсний байгаль, соёл, түүхийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулан баяжуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний ухамсар төлөвшсэн ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно.
2.2 Баримтлах зарчим:
2.2.1.Хувь хүний эрхийг хангах, хүнд зориулсан ногоон хөгжлийн өөрчлөлтийг бий болгох;
2.2.2.Монгол улсын газарзүйн байршил, байгалийн нөөц баялаг, нүүдлийн уламжлалт соёлын өвийн өвөрмөц давуу талуудад түшиглэх;
2.2.3.Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн харилцан уялдааг хангасан тогтвортой хөгжлийг дэмжсэн засаглалыг бүх түвшинд төлөвшүүлж, иргэдийн оролцоог ханган, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;
2.2.4. Ногоон хөгжлийг дэлгэрүүлэхийн төлөө бүх монголчууд эв нэгдэлтэй байх;
2.2.5.Олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг эрхэмлэн, өндөр үр ашигтай цэвэр технологи, ногоон стандартыг нутагшуулахад даяаршлын боломжийг бүрэн ашиглах гэсэн таван зарчмыг баримтална.
2.3 Үндсэн чиглэл, зорилго
2.3.1. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЗОХИЦСОН ХӨГЖИЛ
Нэгдүгээр зорилго. Уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг нийцүүлж, дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар зорилго. Экосистемийн тогтвортой байдлыг хадгалж, байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ тогтолцоог нэвтрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг хангана.
2.3.2.НОГООН ЭДИЙН ЗАСАГ БА САНХҮҮЖИЛТ
Гуравдугаар зорилго. Төрийн болон хувийн хэвшлийн ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон зээл, санхүүжилт, урамшууллын механизмыг нэвтрүүлнэ.
Дөрөвдүгээр зорилго. Нөөцийн хэрэглээг илүү үр ашигтай болгож, бохирдол, хаягдал багатай үйлдвэрлэлийг дэмжиж, нэгж бүтээгдэхүүнд ногдох түүхий эд, материалын болон эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан олон тулгуурт ногоон эдийн засгийг хөгжүүлнэ.
2.3.3. АЖИЛ, ОРЛОГОТОЙ ИРГЭД БҮХИЙ ТЭГШ НИЙГЭМ
Тавдугаар зорилго. Иргэдийн ногоон ажлын байр эрхлэлтийг дэмжин, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаар амьдралын чанарыг сайжруулж, ядуурлыг эрс бууруулна.
2.3.4. СОЁЛ БА ӨВ
Зургадугаар зорилго. Уламжлалт мэдлэг, аж төрөх ёс, соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахын зэрэгцээ боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
Долдугаар зорилго. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, аймгийн төвүүдийг ногоон дэд бүтэц бүхий “ногоон” хот болгож хөгжүүлнэ.
2.3.5. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ЗАСАГЛАЛ
Наймдугаар зорилго. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, салбар хоорондын уялдаа, зохицуулалтыг сайжруулж, ил тод, хариуцлагатай, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ.
ГУРАВ. НОГООН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД
Стратегийн НЭГДҮГЭЭР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.1.Байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох заяамал болон олдмол чадамж, бүтээмэл чадавхид тулгуурлан гадаад орчны дарамтаас учрах эрсдэлийг бууруулж амьдралын ээлтэй орчин үүсгэнэ.
3.2.Даяаршил, байгаль болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн хавсарсан дарамтыг бүрэн шингээж эерэг эргэх холбоо үүсгэх төгөлдөржсөн тогтолцоо бий болгоно.
Стратегийн ХОЁРДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.3.Байгалийн унаган төрх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, нэн ховор, ховор амьтан, ургамлын үндсэн тархац нутгийн 70-аас доошгүй хувь, ойн сан, томоохон мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтыг сайжруулна.
3.4.Уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагад нийцүүлэн улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлж, экологийн эмзэг болон байгаль, түүх, соёлын өв газар нутагт уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн аливаа үйл ажиллагаа эрхлэхийг хориглон, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон тогтвортой аялал жуулчлал, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүхий хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлнэ.
3.5. Оршин суугчид, нутгийн иргэдийн оролцоо бүхий төлөвлөлтийг хэрэгжүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үндсэн дээр газрын доройтлыг бууруулах тогтвортой менежментийг нэвтрүүлнэ.
3.6.Экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг тооцсоны үндсэн дээр түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тогтвортой хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
3.7. Биологийн олон янз байдлыг хамгаалж, түүний иж бүрдлийг зохистой ашиглан, нөхөн сэргээж, хомсдолоос сэргийлнэ.
3.8.Генийн нөөцийг зохистой ашиглах, түүний ашиглалтаас хүртэх үр өгөөжийг дээшлүүлэн, хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
3.9. Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
3.10.Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэн нийт хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар ханган, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 80 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлж, ахуйн хаягдал/саарал усыг эргүүлэн ашиглана.
3.11.Хүнсний бус үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи усны ашиглалтыг хязгаарлан, үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэх, 60-аас доошгүй хувийг эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ.
3.12.Томоохон голд урсацын тохируулга хийн, хуримтлуулан ашиглах усны нөөцийн олон зориулалттай цогцолборыг байгуулж, говь, хээрийн хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг сайжруулна.
Стратегийн ГУРАВДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.13. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, эдийн засгийн салбаруудын нүүрстөрөгчийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон хөрөнгө оруулалтыг өсгөнө.
3.14. Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүү, урамшууллын механизмыг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн зөв бүтцийг бий болгох ногоон татвар, санхүүжилтийн шинэлэг орчинг бүрдүүлэн, байгалийн нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэн, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлнэ.
3.15. Олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт ногоон хөгжлийн зарчмыг тусган бага нүүрстөрөгч бүхий, эрчим хүчний үр ашигтай технологийн худалдааг дэмжинэ.
3.16. Банк санхүүгийн байгууллагын ногоон зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бохирдуулагчийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
Стратегийн ДӨРӨВДҮГЭЭР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.17. Эрчим хүчний суурьлагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх замаар нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтыг 2006 оны түвшинд 9,77 кг СО2-экв/ам.доллар байгааг 2030 онд 2,5 дахин бууруулж улмаар нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.
3.18. ХАА-н тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн кластеруудыг хөгжүүлж, нийт аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийг 2020 онд 40 хувь, 2030 онд 55 хувьд хүргэнэ.
3.19. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгон, байгаль, соёлын болон эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ.
3.20. Эрдэс баялгийн нөөцийн ашиглалтыг тухайн бүс нутаг, газрын байгалийн нөөцийн чадавхид тохируулан хязгаарлах, нөөцийг үр ашигтай, иж бүрэн, хаягдалгүй ашиглах технологи нэвтрүүлэх, хаягдлыг шинэ нөөц болгон дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
3.21. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр өгөөжийг дээшлүүлэн уул уурхай болон боловсруулах үйлдвэрийн ашиглах үед болон түүний хаалтын дараа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлнэ.
3.21.Газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах явцад орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, орчны бохирдолт, хордолтоос сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартуудыг нутагшуулах замаар бий болгоно.
3.22. Уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыг бий болгон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зарцуулна.
3.23. Байгальд халгүй тээврийн хэрэглээг дэмжин, хүний эрүүл мэнд, биологийн олон янз байдалд аюул учруулахуйц нөлөөлөлгүй тээврийн сүлжээг хөгжүүлнэ.
Стратегийн ТАВДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.24. Ногоон ажлын байр эрхлэлтийг нэмэгдүүлэн, хүн амын чадавхийг хөгжүүлэх замаар ядуурлын түвшинг эрс бууруулна.
3.25. Амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлнэ.
3.26. Хүн амын эрүүл, аюулгүй хүнс болон цэвэр усны хангамжийг сайжруулан, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлнэ.
Стратегийн ЗУРГААДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.27. Тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгож, иргэний оролцоотой ногоон хөгжлийг дэмжих үндэсний ухамсарыг төлөвшүүлнэ.
3.28.Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг эдэлгээг уртасгасан үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг шинэчилж, зөв бодол, хандлагыг бий болгох замаар хүний эрүүл аж төрөх орчныг бүрдүүлнэ.
3.29. Үндэсний ногоон технологи, инновацийг дэмжих шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн,ногоон хөгжлийн хурдасгуур болгон хөгжүүлнэ.
3.30. “Үндэсний байгаль, соёлын өв газар нутаг”-ийн сүлжээг бий болгон, хамгаалж дэмжих, тусгай хамгаалалттай болон үндэсний байгаль, соёлын өв газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 40-өөс доошгүй хувьд хүргэнэ.
Стратегийн ДОЛДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.31. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, хөдөө орон нутгийг өөрсдийн онцлогт тулгуурлан хөгжүүлж, аймгийн төвүүдийг “ногоон” хот болгоно.
3.32. Хот байгуулалтад орчин үеийн дэвшилтэт, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлж, барилгын дулааны алдагдлыг 2010 онтой харьцуулахад 2020 онд 30 хувь, 2030 онд 50 хувиар тус тус бууруулна.
3.33. Гэр хорооллын хөрсний бохирдлыг саармагжүүлан цэвэрлэх, хотыг тэлэх дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар агаар, орчны бохирдлыг эрс багасгана.
3.34. Улаанбаатар хот болон бусад хот суурины ногоон байгууламжийн талбайг 2020 он гэхэд хотын эдэлбэр газрын 25 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ.
3.35. Хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлж, хог хаягдлыг ангилан ялгах техник, хангамжаар бүрэн ханган, ахуйн хатуу хог хаягдлыг дахин боловсруулан ашиглах хэмжээг 2020 онд 40 хувь, 2030 онд 60 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
3.36. Байгаль орчинд ээлтэй, хямд, найдвартай нийтийн тээврийн системийг хөгжүүлж, хувийн автомашины хэрэглээг бууруулна.
Стратегийн НАЙМДУГААР зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
3.37. Бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ногоон хөгжлийн зорилгод нэгдсэн ил тод, хариуцлагатай, уялдаатай, хяналттай засаглалыг бүх түвшинд бүрдүүлнэ.
3.38. Ногоон хөгжлийн үзүүлэлтийг Үндэсний тооцооны системд тусган байгаль орчноос нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг тооцно.
3.39. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, зах зээлийн нөхцөлд байгалийн баялгийг тогтвортой ашиглах эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах механизмыг боловсронгуй болгоно.
ДӨРӨВ. ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮНЭЛГЭЭ
4.1.Нийгэм эдийн засгийн хөгжилд байгаль орчны үр нөлөөг тооцох ногоон хөгжлийн үр дүнг хянах шалгуур үзүүлэлтийг Засгийн газар боловсруулна.
4.2.Ногоон хөгжлийн үзэл баримтлалын үе шат бүрийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг УИХ, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар тус тус баталж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.
4.3. Улс төрийн нам, хүчин, эвсэл, холбоод бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замыг тусган хэрэгжүүлнэ.
4.4.Ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилтын хэрэгжилтэд Засгийн газар 2015 онд эхний явцын үнэлгээг, улмаар жил тутам хийж, УИХ-ын намрын чуулганд өргөн барьж, танилцуулна. УИХ хэрэгжилтийн явцыг олон нийтэд мэдээлнэ.
4.5. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн салбар дундын зардал, үр ашгийн үнэлгээг Т-21 загварыг ашиглан үнэлэн шийдвэр гаргахад ашиглана.
4.6. Дэлхийн болон өөрийн орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд урьдчилан таамаглаагүй гарсан өөрчлөлт, шинжлэх, ухааны технологийн ололт, амжилтыг харгалзан 10 жил тутам тодотгож болно.
4.7. Хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Cтратегийн зорилтуудыг 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
4.7.1. 1-р үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2013-2021 он
2013-2016 онд өөрийн орны нөхцөлд нийцсэн “Ногоон хөгжил”-ийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчин, засаглалыг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг идэвхитэй өрнүүлж, хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэлийн суурийг тавина.
2017-2021 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүгийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, экологийн цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна.
4.7.2. 2-р үе шат: Ногоон хөгжлийн үндсийг бэхжүүлэх үе, 2022-2032 он
2022-2030 онд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, үр ашиг өндөртэй эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангаж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайн засаглалын тогтолцоо бэхжсэн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон соёл иргэншлийн үндэс бүрэн тавигдана.
2032 онд Монгол Улс дэлхийд ногоон хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн оронд тооцогдож, үр дүнгээ РИО+40 дээр Дэлхий дахинд зарлан тунхаглана.
ТАВ. ХҮРЭХ ҮР ДҮН
5.1.Экосистемийн үйлчилгээг дэмжин, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын сайжруулснаар:
5.1.1. Усны нөөцийн хамгаалалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр хүн амын ус хангамжийн найдвартай байдлыг хангана. Нүүрстөрөгчийн хийн ялгарал багасна.
5.1.2. Үндэсний байгаль, соёлын өв газрыг тогтоож, биологийн олон янз байдал хомсдож үгүй болохоос хамгаалснаар экосистемийн тогтвортой байдал хангагдана.
5.1.3. Ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 11 хувьд хүрч, бэлчээрийн менежментийг сайжруулснаар нүүрсхүчлийн хийн шингээх чадвар дээшилж, экосистемийн хамгааллыг сайжруулна.
5.1.4.Ойн тогтвортой менежмент хэвшиж, нутгийн иргэд, нөхөрлөлд эзэмшүүлэх ойн сан нийт ойгоор бүрхэгдсэн талбайн 20 хувьд хүрч, ойн хамгаалалтаас нутгийн иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэнэ.
5.1.4. Гэр хороолол, зуслан, амралт, аялал жуулчлалын газруудад бохир ус цэвэрлэх дэд бүтэцтэй болж хөрс, усны бохирдол багасна.
5.2. Цэвэр технологи, инновацийг хөгжүүлснээр:
5.2.1.Ногоон хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц экологийн цэвэр үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр нөөцийн үр ашиг дээшилнэ.
5.2.2. Ногоон ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийг багасгана.
5.2.3. Эрчим хүчний суурьлагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэж нэмэгдүүлснээр эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн бүтээмжийг 2030 онд 3 дахин ихэсгэнэ.
5.2.4. Нийслэл болон бусад хотуудын агаарын чанар 2030 онд хүлцэх хэмжээнд хүртэл сайжирна.
5.3. Хүнийг хөгжлийг дэмжсэнээр:
5.3.1. Байгаль орчиндоо зохистой хандах хүмүүсийн хандлага, сэтгэлгээ өөрчлөгдөж, ногоон хөгжлийг дэмжих үндэсний ухамсар төлөвшин, хүний амьдралын чанар сайжирна.
5.3.2. Хүн амын амьдрах орчин сайжирснаар дундаж наслалт 2020 онд 72, 2030 онд 75 болно.
[1] (“Бидний хүсч буй ирээдүй”, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлын үндсэн баримт бичиг, 2012).
[2] (НҮБ-ын БОХ, 2011).