Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийгболовсруулж, загваруудыг бий болгохоор заасан билээ.
Дэлхийн улс орнууд, Рио-де-Жанейро, Йоханнесбург болон Рио+20 даян дэлхийн тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлал, тунхаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгон “Ногоон хөгжил”-ийн замыг сонгохыг улс орнуудаас уриалж, “Бидний хүсч буй ирээдүй”-баримт бичгийг гаргаж, 2015 оноос дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинэчлэн тодорхойлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэхүү бодлогын чиглэл, зөвлөмжийн дагуу боловсруулсан “Ногоон соёл иргэншил” хөгжлийн үндэсний стратегийн төслийг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах үүрэг өгсөн билээ. Энэ хугацаанд Монгол Улсад Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд Ногоон хөгжлийн үндэсний чуулганаар тус баримт бичгийн төслийг хэлэлцүүлж, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Ази Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссоос тодорхой санал, зөвлөмж авсан. Эдийн засгийн хөгжлийн яамны саналын дагуу уг баримт бичгийг Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийн төсөл гэсэн хоёр баримт бичиг болгон өөрчлөхдөө дээрх санал, зөвлөмжийг харгалзан тусгаж, Засгийн газарт оруулж байна.
Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр байгалийн нөөц баялгийг илүү зохистой удирдан улсынхаа эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад гүйцэтгэх шууд болон шууд бус үр нөлөөг дээшлүүлнэ.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалд өнөөгийн нөхцөл байдал, боломж, давуу талд түшиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг 2030 он хүртэл тодорхойлж, харин дунд хугацааны хөтөлбөрт эдгээр зорилтыг хангах зорилгоор 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлогын болон эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлон тусгасан болно. Эдгээр арга хэмжээг манай орны нөхцөлд тохируулан тэргүүлэх ач холбогдолтой, богино хугацаанд эерэг үр дүнг авчрах, ажлын байр нэмэгдүүлэх, ашиглалтын зардал хэмнэлттэй байх арга хэмжээний чиглэлийг тодорхойлон тусгалаа.
Засгийн газраас хууль эрх зүйн зохицуулалт, санхүүгийн арга хэрэгслийг шинээр гаргах, зах зээлийг шинэчлэхэд нөлөөлөх замаар салбаруудын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл хөгжлийн хандлагыг тогтвортой болгох боломжтой байна.
Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн салбаруудын бодлого, хөтөлбөрүүдэд тусган хөрөнгө оруулалтыг чиглүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн орон нутагт төсвийн удирдлага, төлөвлөлтийн бодлогыг ногоон хөгжил рүү чиглүүлэхэд энэхүү дунд хугацааны хөтөлбөр удирдамж болох ач холбогдолтой юм.
Байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн харилцан бие биенээсээ хамааралтай болохыг санхүүгийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тооцоолдог байх нь ногоон хөгжлийн бодлогын нэг чухал асуудал юм.
Байгалийн баялгийн ашиглалтад тулгуурлан эдийн засгийн өндөр өсөлтийг бүрдүүлсэн боловч өнгөрсөн хугацаанд байгальд эргүүлээд зарцуулсан хөрөнгө оруулалт хэтэрхий бага байсан хандлагыг өөрчлөн:
-байгаль орчинд халтай бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
-байгалийн нөөц, орчныг доройтуулж хомсдуулах чиглэлд Засгийн газрын хөрөнгө, зардлыг хязгаарлах;
-байгаль хамгаалал, цэвэр технологи, хүний хөгжилд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийг дэмжих эрх зүйн зохицуулалт, санхүүгийн хөшүүргийг бүрдүүлэх зорилт, чиглэлийг тусгалаа.
Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь нийгмийн ядуурлыг бууруулах хүний аж байдлыг сайжруулах асуудлыг хөгжлийн гол цөм болгон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжлийн шийдвэр гаргахад оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, шударга ёсны эрхийг хангах зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг нутгийн иргэдийн байгалийн нөөц баялгийг хамгаалах үүрэг, үр өгөөжийг хүртэх эрхийг тодорхой болгохын хамт нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлснээр хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хямралыг даван гарах чадварыг бий болгодог байна.
Иргэдийн өргөн хэрэглээний хүнс, бараа, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах үндэсний үйлдвэрлэлээр хангах ашигт малтмалын бус эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжийг эрс сайжруулснаар нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хөгжлийн зорилт, бодлогын чиглэлийг тусгаж байна. Эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлснээр ногоон эдийн засагт шилжих ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь иргэдийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн амьдралын чанараа сайжруулах ижил тэгш боломжийг бүрдүүлнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахад чиглэсэн газар төлөвлөлт, хот суурингийн хөгжлийн ногоон төлөвлөлтийн зарчмыг хэрэгжүүлэх, үндэсний байгаль, соёлын өв газар нутгийг тогтоон ногоон хөгжлийг дэмжих бүс нутаг болгон хөгжүүлэх, нүүдлийн уламжлалт соёл заншлын давуу талыг ашиглан хөгжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хөгжлийн бодлогоор энэхүү үзэл баримтлал, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Энэхүү үзэл баримтлал хөтөлбөрийг баталснаар гадаад, дотоодын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой хөгжилд хүрэх нэгдсэн стратеги, зорилтын хүрээнд үр өгөөжтэй зарцуулах боломжтой бөгөөд салбар дундын бодлогын уялдааг ханган ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн ногоон өсөлтийн хөтөлбөрийг дэмжин олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй хамтран ажиллах боломж улам өргөжинө гэж үзэж байна.