УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, С.Оюун нар санаачилж, парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Засгийн газрын 2006 оны 192 дугаар тогтоолоор баталсан ”Монгол боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний холбогдох зорилтуудыг үндэслэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын Тогтоолын төслийг боловсрууллаа.
Засгийн газраас 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 187.1-т “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулна” гэж тусгасаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, нийгэмшүүлэх бодлогыг сайжруулж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тэгш, харилцан уялдаа холбоотой нэгдмэл арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах талаар цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдний сурч боловсрох, нийгмийн тусламж, дэмжлэг авах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг олон эрхийг зохицуулсан Монгол Улсын хууль, тогтоомжуудын заалт хэт ерөнхий, хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй, насны онцлогт тохирсон хуулийн зохицуулалтгүй байгаа нь тэднийг бусад хүүхэдтэй ижил хэмжээнд эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг бүрэн хангах, нийгмийн зүгээс насных нь онцлогт тохирсон тусламж, үйлчилгээ, дэмжлэгийг цогцоор нь үзүүлэх зорилтыг хуульчлан баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад олгох боловсролын үйл ажиллагааг тэгш, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах, тэдэнд ээлтэй дэд бүтцийг сайжруулах, сурч боловсроход таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих менежментийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжсэн сан байгуулах эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдэх нь зүйтэй гэж үзэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн хөгжлийн саатлыг бууруулж, нийгэмд бие даан амьдрах боломжийг нь нэмэгдүүлэн хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээг хангахын тулд гэр бүлийг чадавхийг тодорхойлох, үнэлэх, дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тэгш хангах, тусгай боловсролын болон холбогдох бусад үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох үүний үндсэн дээр тусгай хэрэгцээт боловсролын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг нийгмийг харилцаанд тэгш хамруулж, хөдөлмөрийн зах зээлд эргэлтэнд гаргаснаар хүн амын тогтвортой хөгжил, амьжиргааны төвшин, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, менежментийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгч байгаа юм.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх 9 төрлийн арга хэмжээг Засгийн газарт даалгахаар заасан болно. Үүнийг агуулгаар нь багцалж авч үзвэл
1/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн /Тусгай хэрэгцээт/ боловсролын тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэн хууль батлуулах, үүний үндсэн дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах зэргээр төрийн зүгээс бодлогоор бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэх:
2/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын асуудал эрхэлсэн Үндэсний хороо байгуулан асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамааруулах:
3/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг боловсролд тэгш хамруулах, сургалтын таатай орчин, ээлтэй дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт зэрэг бусад нийгмийн асуудлыг бүхэлд нь төсөв, хөрөнгө хүний нөөцийн хамтаар цогцоор нь шийддэг байх:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тэдгээрийн үзэл баримтлал, агуулга, зарчимтай бүрэн нийцнэ.
Тогтоолын төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд саналыг хариу ирмэгц, УИХ-д өргөн барихаар бэлэн болгоод байна.