УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2014.04.15/ үдээс хойш болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа даргалав.
Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл болон Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэхийг хойшлуулав.
Байнгын хорооны хуралдааныг гишүүн Р.Бурмаа даргалав
Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд танилцуулав.
Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь Засгийн газрын тухай хуулийн зохих заалтад нэмэлт оруулах замаар бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлыг хуульчилж өгөхөд чиглэгджээ. Гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын асуудалд төрийн иж бүрэн, өргөн уялдаатай, бүх нийтийн оролцоотой үйл ажиллагаа чухлаар тавигдаж буй учраас Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах хүчин чармайлтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн яамд энэ ажилд нийтээрээ хуулиар баталгаажуулсан үүргийнхээ дагуу оролцож, үйл ажиллагааныхаа уялдаа холбоог сайжруулах, төр, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгох үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч хэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг гишүүн Сү.Батболд хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Цог, Р.Бурмаа нар асуулт асууж, төсөл санаачлагчид хариулт өгөв. Гишүүдийн асуултад хариулт өгсөн төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл хэлэхдээ, гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, идэвх санаачлагатай, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа нэн чухал болоод байна. Хууль зүйн яам гэхэд энэ чиглэлээр гарсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, экологийн цагдаа ажиллуулах, цагдаагийн байгууллагын энэ чиглэлийн үйл ажиллагааг хүчтэй, санаачлагатай болгох, Гадаад харилцааны яамны тухайд бүх Элчин сайдын яамд нь энэ чиглэлийн сайн туршлага, ногоон технологийг судлах, Ногоон дипломат үйл ажиллагааг идэвхжүүлснээр олон улсын байгууллагууд, гадаад орнуудын холбогдох яамдтай энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэ үйл ажиллагаанд татан оролцуулах боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.
Төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл гишүүдийн асуултад хариулт өгөв.
Хуульд нэмэлт оруулснаар энэ мэтээр төрийн яамд эрхлэх асуудлынхаа хүрээнд олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх боломжтой болж, агаарын бохирдлын эсрэг төр, хувийн хэвшил, иргэдийн үр дүнтэй хамтын ажиллагааны механизм бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд агаарын бохирдлыг бууруулах асуудалд Улсын Их Хурлын гишүүд санаа тавьж төсөл санаачилж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ агаарын бохирдлоос салах гол арга зам нь хийн түлшийг нэвтрүүлэх явдал учраас энэ асуудлыг бодлогын түвшинд тавьж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах шаардлагатай байна гэдгийг хэлэв. Эрхэм гишүүний энэ саналыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Л.Цог нар илэрхийллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт шинэчлэлийн Засгийн газар бүтэцдээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийн яам болгосон нь бодлогын чухал алхам болсон. Нэгэнт Засгийн газар чиг үүргээ хуулиар тогтоолгож, үндсэн чиг үүргийн яам нь ажил үүргээ хэрэгжүүлж байхад Засгийн газар чиг үүргийг нэмэх талаар гишүүд хуулийн төсөл санаачилж оруулж ирэх нь цаашид буруу жишиг тогтооход хүргэж мэдэх юм хэмээн болгоомжилж буйгаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төсөл санаачилсан гишүүдийн санаа нь зөв хэдий ч арга нь буруу байна. Яамдын чиг үүрэгт энэ асуудлыг нэмснээр шийдэгдчихгүй. Харин цэвэр агаарын тухай хуулиар л энэ асуудлыг зохицуулах боломж бүрдэнэ. Тиймээс энэ хуулийн төсөл дээр гишүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэллээ. Харин төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл бүх зүйл хэвийн, Засгийн газар, Үндэсний хороо нь сайн ажиллаж, агаарын бохирдол зохих хэмжээгээр багасч байсан бол ийм төсөл өргөн барих шаардлагагүй байсан. Гэтэл тодорхой үр дүн, ахиц өөрчлөлт харагдахгүй удаж байгаа учраас эрх зүйн ийм орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд хуулийн төслийг дэмжихийг хүслээ.
Ингээд Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн санналын томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Tweet