Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг нь энгийн хялбар болгохоор хоёр түвшний ажлын хэсэг ажиллаж байна.
Яам, агентлагуудаас олгож буй бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг нэг бүрчлэн судлаад тэдгээрийг хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээх талаар анализын баг санал дүгнэлт боловсруулдаг. Хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд болон тухайн салбарт бизнес эрхлэхэд ээлтэй эсэх гэсэн үндсэн шалгуураар дүгнэсэн анализын багийн саналыг дараагийн шатанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг хэлэлцдэг юм.
Энэ ажлын хэсгийн 4 дэх удаагийн хурал өнөөдөр болж, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас олгож буй тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн хуралд дээрх төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ болон бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл санал бодлоо хэлсэн. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Д.Зоригт нар байр сууриа илэрхийлэв.
Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан, цахилгааны хангамжтай холбоотой 11 төрлийн зөвшөөрөл олгож байна. Эдгээрээс хэвээр үлдээсэн зөвшөөрлүүдийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж хөнгөвчлөх шаардлагатай гэж үзлээ.
Бизнес эрхлэгчдээс хамгийн их шүүмж сонсдог Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээ, бүртгэл зөвшөөрлийн тогтолцоонд бодлогын болон зохион байгуулалтын багагүй өөрчлөлт хэрэгтэй гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 44 төрлийн зөвшөөрөл олгож байгаагаас эхний ээлжинд 25-ыг нь хүчингүй болгох, үлдсэнийг нь олон шат дамжлагагүй нэг цэгээс өгдөг болгох талаар нарийвчилж ярилцлаа. Түүнчлэн, энэ салбарт хүндрэл чирэгдэл үүсгэх гол үндэс болж байгаа 2003, 2005 оны 127, 222 дугаар тогтоолуудыг эргэж харах шаардлагатай гэж дүгнэсэн юм.
Харин Гаалийн ерөнхий газрын хувьд, ижил үүрэг чиглэлтэй тусгай бүс, талбайг цэгцлэх, гаалийн зуучлагчид тусгайлан зөвшөөрөл өгөх зэргээр дундын бизнесийг дэмжихгүй байх зэргийг хөндөж ярилцлаа.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан энэхүү ажлын хэсэг төрийн 54 байгууллагаас олгож байгаа 914 зөвшөөрлийг ийнхүү ээлж дараагаар хэлэлцээд, гаргасан санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх юм.