Др. Ж.Бат-Ирээдүй. Японоос
Япон Сасакава Энх тайвны сангийн урилгаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын 5 гишүүн 2 дугаар сарын 17-25 нд Японд танилцах, судлах аялал хийлээ. Аялалын хүрээнд Японы парламентын тогтолцоо, засгийн газрын байгууллагуудтай танилцаж, засгийн газрын зарим сайд болон Ерөнхий сайд Хатояаматай уулзсан байна.
Энэ аялал бол тус сангийн шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь үйл ажиллагаа юм. Аялалын бүрэлдэхүүнд эрхэм гишүүн Самбуугийн Дэмбэрэлээс гадна Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн тэргүүн Даваажавын Ганхуяг болон Сундуйн Батболд, Цэрэнбатын Сэдваанчиг, Гаридхүүгийн Баярсайхан, Догсомжавын Балдан-Очир, тусгай үүргийн элчин сайд Бадамдоржийн Батхишиг нар оролцож байна.
2 сарын 24-нд Японы нийслэл Токио хотын “Нью Отани” зочид буудалд тус аялалыг зохион байгуулж байгаа Сасакава сангаас хүлээн авалт зохион байгууллаа. Сасакава санг төлөөлөн Япон Сангийн захирал Ёохей Сасакава гуай нээлтийн үг хэлжээ.
Тус аялалыг зохион байгуулж байгаа Сасакава Энхтайваны сан бол 1986 онд байгуулагдсан бөгөөд Япон сангийн дэргэд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм байна. Энэ сан бол олон улсын хэмжээнд дэлхийн энх тайвны төлөө, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энх тайван, аюулгүй байдлыг сахих, хамгаалах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, хүний нөөцийг хөгжүүлэх, олон улсын хурал, симпозиум зохион байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдаг сан ажээ.
Тус сангийн үүсгэн байгуулсан мөнгө 50 сая йэн, үйл ажиллагааны фонд 29 тэрбум, 500 сая йэн ажээ. 2008 оны байдлаар 52 төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү манайхны оролцож байгаа Пан Азийн бүсийн хамтын ажиллагаа, солилцоо хэмээх төсөл ажээ. Үүнд 487 сая 843 мянган йэн зарцуулж байгаа юм байна. Энэ сан маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олон төсөл хэрэгжүүлдэг боловч үүнээс өөрөөр манайхан хамтарч ажиллаж байгаа төсөл одоогоор байхгүй байна. Тийм учраас энэ их мөнгө хөрөнгөтэй сан руу манайхан янз бүрийн төсөл бичиж хэрэгжүүлбэл зүйтэй юм болов уу хэмээн энэхүү сангийн талаар товч боловч мэдээлэхээр үүнийг бичлээ. Та сангийн үйл ажиллагаатай танилцая гэвэл http://www.spf.org/ вэб сайтаар зочилж болно. Мөн төрөл бүрийн төсөл санал болгож болох юм. Ялангуяа төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус байгууллагууд илүү зохимжтой гэнэ. Төслийн төсөвт дээд хязгаар гэж байхгүй бөгөөд жил тутам ойролцоогоор 20-иос 100 мянган ам. долларын төсөвтэй байж болох нь. Таны төслийг гурав, зургаа, ес, арван хоёр сард хуралдах Сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гарна. Төсөл хэрэв зөвшөөрөгдвөл хурлын дараагийн сараас эхлэж болдог юм байна. Төсөл бол 1-3 жилийн хугацаатай байж болно. Японы санхүүгийн жил жил бүрийн 4 сарын 1 нд эхлэж 3 сарын 31 нээр дуусдаг тул үүнийг анхаарах хэрэгтэй юм. Төслийн өргөдөлд мөн тодорхой хугацаа заадаггүй нь онцлогтой гэнэ. Ер нь төсөл эхлүүлэх хугацаанаас дор хаяж гурван сарын өмнө өргөдөл өгөх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Хэрэв та хүсвэл төслийн өргөдөл өгөхөөс өмнө сангийн хүмүүстэй харилцан зөвшилцөж болох сайн талтай юм байна.