Европ дахь анхны Монгол интернет радиогийн цахим хуудаснаас:
Яг одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн удирдах зөвлөлийн хурал болж байна. Зарим хүн үүнийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы танхимд өрнөсөн ширүүн маргаан, зарим хүмүүсийн үл ойлголцлын үргэлжлэл гэж харж байна. Учир нь өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монголбанкнаас оруулж ирсэн нэгэн хуулийн төслийг гишүүн С.Дэмбэрэл улайран эсэргүүцсэн юм. Уг хуулийн гол агуулга нь мөнгө угаах, тероризмтэй тэмцэх нэрийн дор иргэдийн 20 саяас дээш төгрөгийн хадгаламжийн эх үүсвэр, хувийн хэвшлийнхний 20 сая төгрөгөөс илүү харилцахын гүйлгээг шалгадаг болох тухай байсан юм. Энийг эрхэм гишүүн С.Дэмбэрэл эсэргүүцэж, “Иргэдийнхээ эрхэнд халдлаа, хувийн хэвшлийг боомиллоо, ийм хууль баталж ардчиллаас ухарч байхаар УИХ тарсан нь дээ” гэж хэлсэн юм. Гэтэл түүний энэхүү хатуу байр суурийн хариу болгож, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн хурлыг гэнэт хуралдуулжээ. Хурлын өмнө “С.Дэмбэрэл танхимын тэргүүн гэсэн давхар дээлтэй яваад байна, түүнийг л тайлуулахгүй бол ухаалаг төртэй болохгүй” гэсэн утгатай нийтлэлийг ч хэвлэлүүдээр тараасан байна.
Тэгэхээр одоо хуралдаж байгаа танхимын Удирдах зөвлөлийн хурал бол ганц С.Дэмбэрэл гэж хувь хүний асуудал биш болжээ. Харин тэргүүний суудлыг булааж, С.Дэмбэрэлийг буулгаж авснаар 20 сая төгрөгөөс дээш хадгаламж, харилцахтай хувь хүн, хувийн хэвшлийнхний дансыг үг дуугүй шалгахыг хуульчлах зам нээгдэнэ гэж цаад захиалагчид нь тооцсон бололтой.Худалдаа аж үйлдвэрийн танхим бол төсвөөс санхүүждэг ямар нэгэн яам биш. Тэргүүн нь ямар нэгэн салбарын сайд биш. Танхим бол Монголын хувийн хэвшлийнхнийг хамгаалдаг, дэмждэг, нэг ёсондоо Үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм. Ийм байгууллагын тэргүүн парламент дотор нь байна гэдэг Дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг үйлдвэрлэгч хувийн хэвшлийнхний хувьд харин ч давуу тал, тэдний захиалга. Танхим хэмээх энэхүү төрийн бус байгууллагыг анх бий болгохоос нь эхлээд өнөөдөр хүн бүрийн сонирхлыг татах хүртэл өөд татаж явсан хүн бол С.Дэмбэрэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Хувийн хэвшлийнхний хүнд хэцүү үед ч, танхимын ядарч зүдэрсэн үед нь ч С.Дэмбэрэл л тэнд байсан. Харин одоо зарим хүнд бялуу болж харагддаг болсон байна. Гэхдээ үүнээс илүү бодитой шалтгаан гэвэл С.Дэмбэрэлийн чуулган дээр хэлсэн үг хувь гишүүнийх нь гэхээсээ Монголын хувийн хэвшлийнхний дуу хоолой байр суурь болж харагддаг, тэдний төлөө учраас түүнийг сул гишүүн байлгах сонирхол АН, МАН-ын аль алинд ч байгаа юм. Яагаад гэвэл чуулганы танхимд хувийн хэвшлийнхний дуу хоолой, байр суурь хамт суугаад байхаар улстөрчид нь урьдынх шигээ чөлөөтэй улстөр хийж, өмнөх шигээ ханцуй дотроо наймалцах боломж багасаад хаагдаад байгаа бололтой.
Ерөнхийлөгч хэлэхдээ, УИХ-ын гишүүн-сайд гэсэн давхар дээлийг тайл гэснээс бус, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийг парламентад дуу хоолойгүй болго. Тэгж байгаад дураараа хуулиа баталж, хааж боомил гээгүй билээ. УИХ-ын гишүүн-сайдын дэргэд танхимын тэргүүн дээл бол давхар дээл ч биш, хаана ч жиндүүлэх ердөө л дан цамц шүү дээ.
Баттай эх сурвалжийн мэдээллээр танхимын тэргүүнд “Урбаник” Лхагважав, танхимын дэд тэргүүн Оюунчимэг нар өрсөлдөж байгаа ажээ. Лхагважавын хувьд МАН-ын гишүүн. УИХ-ын сонгуульд ялагдсан. Шинээр эмхлэн байгуулсан Ардын намын Бага хуралдаа ч багтаж чадаагүй. Иргэний хөдөлгөөн, Соёмбо гэхчлэн хөдөлгөөнөөс хөдөлгөөн, намаас намд шилжиж явсан учраас намынхан нь хүртэл түүнд итгэхгүй болсон. Өмнө нь танхимын тэргүүнд нэр дэвшээд 10-аад хувийн санал авч байсан тэрээр энэ удаа мөн даагаа нэхэж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулийн түшиц газраараа танхимыг сонгожээ. Лхагважавын ирээдүйн улстөрийн эрх ашгийн төлөө Монголын хувийн хэвшлийн хувь заяаг золиосолж болох уу, үгүйг удахгүй шийдэх биз ээ. Нөгөө өрсөлдөгч нь танхимын одоогийн дэд тэргүүн Оюунчимэг. Уг нь түүнийг С.Дэмбэрэл дарга өөрөө гаргаж ирсэн, дэргэдээ авчирсан юм билээ. Гэтэл багийн тоглолтгүй тэрээр эврээ ургаж гүйцсэн гэж үзээд, одоо “эх”-ийгээ мөргөх гэж байгаа нь энэ бололтой. Гэхдээ түүний зангараг, нэр хүнд нөгөө хоёрынхоо хэмжээнд хүрэхгүй. Тийм учраас танхим тэр чигээрээ аль нэгэн нам, эсвэл 20 саяас илүүг нь шалгана гэдэг шиг араасаа захиалгатай иймэрхүү хуулийн өмнө хүүхэлдэй болж хувирна.
Эцэст нь, хэлэхэд бизнесийн болон улс төрийн намтар, байр суурь, зангараг, туршлага, одоо хашиж байгаа албан тушаалын нөлөө зэргээрээ энэ гурван хүний аль нь Монголын хувийн хэвшилд, тэр тусмаа Танхимыг хувийн хэвшлийн Үйлдвэрчний эвлэл байхад хэрэгтэй вэ. Та өөрөөсөө бас асуугаад үзээрэй.
Н.ГЭРЭЛ
2014 оны 01 сарын 15-нд
http://imongolradio.com/?p=43