-Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга-
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын дагуу Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо тусгайлан хэлэлцэж, чуулганы анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснээр Монгол Улсын Их Хурал 10 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахгүй байх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахгүйгээр “тогтвортой байдлын гэрчилгээ” олгох зэргээр хөрөнгө оруулалтыг нийтэд нь дэмжих үүднээс Цөмийн энергийн тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн 30, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэсэн 31 дүгээр зүйлүүдийг тус тус хүчингүй болгохоор тусгасан байсан.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо түүнийг хэлэлцээд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудалтай холбоотой тул цөмийн энергийн салбарын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг салбарын хуульд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэний дагуу Цөмийн энергийн тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлийг хүчингүй болгох бус 30 дугаар зүйлийн 30.1, 30.3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулан баталсан.
Цөмийн энергийн салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хөрөнгө оруулагч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулж болно гэсэн зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчныг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг асуудлыг тусгахаар заасан.
Мөн цөмийн энергийн салбарт Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцдөг байсныг аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байнгын хороотой зөвшилцөнө гэж тодорхой заан өөрчлөлт оруулсан.
Ийнхүү цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын орчныг хуульд заасны дагуу гэрээ байгуулан тогтворжуулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс зохих хяналтыг тавихтай холбоотой эрх зүйн зохицуулалт хэвээр үлдэж байгаагаараа ач холбогдолтой болсон.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба