Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ОУ-ын байгууллага, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон хувь хүмүүсийг нэрлэж, тэдний оролцоог олон нийтэд таниулж, урамшуулан дэмжихэд чиглэгдсэн “Торгоны зам” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2007 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулсаар ирсэн билээ.
1 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-д зохиогдсон “Торгоны зам 2014” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, МХАҮТ-ын дарга С. Дэмбэрэл Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т. Шимизү-д “Торгоны зам” шагналыг гардуулав. Хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Элчин сайд Т. Шимизүд энэхүү шагналыг олгосон байна.
Элчин сайд Т. Шимизү талархал илэрхийлэхдээ “Япон Монголын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бүхий л хүмүүсийн дэмжлэг туслалцааны ачаар энэхүү шагналыг хүртлээ” хэмээн онцлон тэмдэглэв.
Элчин сайд Т. Шимизү-гийн өмнө хүртэж байсан шагнал :
1. 1991 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан /Анх “Японы өдрүүд”-ийг санаачлан хэрэгжүүлсэн/
2. 1992 онд Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг /Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд/
3. 2004 онд Монгол Улсын Боловсорлын тэргүүний ажилтан /Хөдөө орон нутгийн сургуулиудын засварын ажилд хувь нэмрээ оруулсаныг үнэлэн/
4. 2005 онд Монгол Улсын Эдийн засгийн тэргүүний ажилтан
5. 2011 онд Ерөнхийлөгчийн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль