Улсын төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй байгаа энэ үед УИХ-ын Тамгын газрын хамт олон доорх уриалгыг элэг нэгтэй Монголчууд, Төрийн албан хаагч та бүхэндээ хандан гаргаж байна. Монголчууд бидний гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө хүсэн хүлээж мартагдашгүй дурсамжтай тэмдэглэн өнгөрүүлдэг шинэ жилийн баяр удахгүй эхлэх гэж байгаа үед энэхүү уриалгыг та бүхнийхээ сонорт уламжилж байгаа нь учиртай. Хэдийгээр цагаан цасан бударсан шинэ жилийн үдэш мөнгөн гацуураа тойрон хамт олноороо хөгжилдөн цэнгэлдэх сайхан ч та бидний тансаг наадам татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэгдэх ёсгүй.
УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан бүх л боломжоор төсвийн хөрөнгө мөнгийг хэмнэх уриалгад хамт олноороо нэгдэн орсноор та бүхэн үрэлгэн зардлыг багасгаж, улс эх орныхоо бодит бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах мөнгийг арвижуулах буянтай үйлсэд нэгдэцгээх юм. Хамгийн энгийнээр жишээлж үзэхэд нэг албан байгууллага шинэ жилийнхээ баярыг боломжийн үнэтэй ресторанд 3 цаг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд 60-100 сая төгрөг төлөх тооцоо гарч байна.
Төсвийн мөнгөөр санхүүжигддэг төрийн нийт албан хаагчид, элэг нэгт Монголчууд та бүхнийг бидний гаргасан эх оронч уриалгад нэгдэж, татварын мөнгөөр тансагладаг үрэлгэн зардлыг энэ шинэ жилийн баяраас эхлэн таслан зогсоох шударга үйлсэд нэгдэнэ гэдэгт туйлаас итгэж энэхүү уриалгыг та бүхний мэргэн сонорт өргөн дэвшүүлэв.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн
УИХ-ын Тамгын газрын хамт олон