УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд Монголбанкнаас талархал ирүүлжээ. Талархлын бичигт “Төрөөс мөнгөний талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг УИХ-аар хэлэлцэн батлуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүссэн байна. С.Дэмбэрэл гишүүн энэхүү үндсэн чиглэлийг урьд өмнө нь батлагдаж байсан үндсэн чиглэлүүдээс илүү чанартай, шинэ түвшинд, хариуцлагатай боловсруулах, нам эвслийн бүлгүүд болон Засгийн газар, Монголбанк, бусад мэргэжлийн байгууллагуудын санал, оролцоог бүрэн авч, улам боловсронгуй болгох, Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Нэгдсэн Чуулганаар хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Өмнө нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төвбанкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүргээ мөн амжилттай биелүүлсэн билээ.
Монгол Улсын Гавьяат эдийн засагч маань ийнхүү өндөр мэдлэг, ур чадвар, арвин туршлагаа төрийн дээд хэмжээнд нэр төртэй хэрэгжүүлж байна.