Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Монголбанкны удирдлагууд болон байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Уг нь байнгын хорооны хуралдааныг өглөө 9 цагаас эхлэхээр товлож ирц бүрдэн хуралдааныг эхлүүлсэн боловч хуралдаанд оролцох ёстой Монголбанкны удирдлагуудыг хүлээсээр 10 цаг өнгөрсөн тул байнгын хорооны дарга хуралдааныг түр хойшлуулаад байсан юм.
Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, гишүүн С.Дэмбэрэл тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг төсөлд бүрэн тусгаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлы тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг сайжруулан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт, эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж ажиллахыг Монголбанкинд даалгах, энэ үндсэн дээр санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий, зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих зорилгоор “Зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнесийн болон бичил санхүүжилтийг дэмжиж ажиллах, валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах зэрэг бодлогын өргөн хүрээтэй асуудлуудыг тусгасан байна.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.