Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, Эдийн засгийн болон БОХХААБХ-ны 2013-09-17-ны өдрийн 11/18 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15.45 цагт Төрийн ордны 334 тоот хуралдааны танхимд хуралдав.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ж.Батсуурь, Д.Ганбат, С.Одонтуяа нар оролцож, БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Р.Батсүх, зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, Уул, уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд байлцав.
УИХ-ын гишүүн Д.Батцогт УИХ дахь МАХН-МҮАН-ын эвслийн бүлэг төслийг Ажлын хэсэг нухацтай хэлэлцэж Намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Арвин хуулиар хориглосон хилийн заагт ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хэдэн гадаад дотоодын аж ахуйн нэгж байгаа, хэд нь хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байсан, нөхөн сэргээлт хийсэн болон хийгээгүй орхисон хэдэн аж ахуйн нэгж байгааг аймаг, сум дахь байршлаар нь, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг дотор орсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг газрын зургаар гаргаж 9 дүгээр сарын 27-ны өдөр Ажлын хэсэгт танилцуулах, дэд ажлын хэсэгт Хөдөлмөрийн яам, Татварын ерөнхий газраас холбогдох албан тушаалтнуудыг оруулахыг үүрэг болгов.
Ажлын хэсгийн хуралдаан 17.10 цагт өндөрлөв.
Тойм бичсэн:
Референт Б.Баярмаа