МЭДЭГДЭЛ
Эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлгээ дүгнэлт, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар:
1. 2008 оноос үүдэлтэй улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт түүнд суурилсан хавтгайрсан халамжийн тогтолцоо нь Монголын эдийн засгийн бодлого зохистой бөгөөд үр дүнтэй хэрэгжих боломжийг алдагдуулсан нь сүүлийн саруудад болж буй эдийн засгийн бууралт, валютын ханшны огцом хэлбэлзэл, инфляцийн дарамтын дотоод улс төр-эдийн засгийн шалтгаан гэж дүгнэж байна.
2. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин муудаж энэ чиглэлээр хийгдэж буй шинэчлэлийн үйл явцын үр дүн бүрэн мэдрэгдээгүй, хурдац нь удааширч, хувийн хэвшлийн бизнесийн идэвхжил, хөрөнгө оруулалт бүхэлдээ саарч, (хэдийгээр ЗГ-аас хэрэгжүүлж буй тодорхой төсөл хөтөлбөрүүд зохих үр дүнгээ өгч эхэлж буй ч) ялангуяа бичил, жижиг, дунд бизнесийн санхүүгийн орчинд тэдний олон жил хүсэн хүлээж буй өөрчлөлт гарахгүй байна.
3. Төрийн зүгээс эдийн засагт оролцох явдал хэт хавтгайрч, төрийн өмчит компаниуд үйлдвэрийн газар байгуулах дуршил хирээс хэтэрч, зах зээлийг ойлгож хүндэлдэг энтрепренер шинжтэй нийгмийг, зах зээлийг буруу ойлгодог, хүндэлдэггүй, төрийн капитализмын хамгийн муу хэлбэр бүхий нийгмээр солих оролдлого, үзэл номлол сүүлийн үед хүчээ авч, төр өөрөө энтрепренер, бизнесмэн болохыг оролдох бүтэлгүй, үр ашиггүй хандлага янз бүрийн хэлбэрээр илрэх болсон нь хувийн хэвшлийнхний санааг зовоож байгаа нь саяхан тэдний дунд явуулсан судалгаанаас тодорхой харагдаж байна.
4. Бизнесийнхнийг дотор нь намын харьяалалаар нь ялгаварлах, эсвэл намын харьяалал руу шахах гэх мэтээр бизнесийн үйл ажиллагаанд ялгаатай хандах, нам дагасан бизнесийн бүлэг үүсгэх эрүүл бус хандлага гаргах, бизнесийн секторыг бүхэлд нь улс төрийн уур амьсгалаар бохирдуулах гэх мэт сөрөг, байж болшгүй үйл ажиллагаа сүүлийн үед төрийн байгууллагуудын зүгээс ихэссэн талаар бизнесийн байгууллагууд гомдол гаргаж ийм уур амьсгалыг байхгүй болгохыг шаардах боллоо. Энэ бол онцгой анхаарвал зохих асуудал гэж бид үзэж байна.
5. Хувийн өмчийн халдашгүй байдалд шууд болон тойруу замаар халдах, бусад үүсмэл эрхийг өмчийн суурь эрхээс дээгүүр тавьж хуулийн үзэл санааг гажуудуулах зэрэг зохисгүй үйлдлүүд гарах, төр ба татвар төлөгчдийн хоорондын харилцаа тэгш, шударга байх ёстой зарчмыг огоорч, төрийн нэрээр сүрдүүлэх, төрийн байгууллагуудын шуурхай, ёс зүйтэй, үр дүнтэй үйлчилгээ бүрэн хэрэгжиж тогтоогүй, үндсээр нь устгах ёстой дутагдал гажуудлууд амь бөхтэй оршсоор байгааг онцгой анхаарах шаардлагатай байна.
6. Дээр дурьдсан зүйлүүдийг онцгой анхаарч, цаашид бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг тааламжтай болгох, хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн батлагдсан баримт бичгийн үг үсэг, үзэл санааг бодитой бөгөөд хувийн хэвшилтэй нь хамтран хэрэгжүүлэх, бичил, жижиг, дунд бизнесийг дорвитой дэмжих санхүүгийн тааламжтай орчин бий болгох, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогын зорилтыг бодитойгоор, хувийн хэвшлийн оролцоог хангасан хэлбэрээр хэрэгжүүлэх гэх мэт бодлогын чиглэлүүдийг төр ба хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай зөвшилцөх механизм, институцийн орчинг бий болгох замаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдийн засаг муудсан ч сайжирсан ч ар талд нь хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчид, татвар төлөгчид, ажлын байр бий болгогчид л байдаг энгийн бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрдэг үнэнийг мөрдөж Монгол улсаа дэлхийд “муу нэртэй, луу данстай” улс болгохгүйн төлөө, хүчирхэг хувийн хэвшилтэй, өрсөлдөх чадвартай өөдлөн дэвжих Монгол болгохын төлөө хамтран ажиллацгаая.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим.
2013 оны 08 сарын 15.