Монгол Улсын Их Хурлын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүд орсон болно. Үүнд:
1.Ой, хээрийн бүс нутагт түймрийн аюултай үед иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тавих шаардлагыг нарийвчлан тогтоож, зохих урамшууллыг бий болгон хүлээх хариуцлагыг өндөржүүлэх.
2.Ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэхийн тулд ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгох.
3.Ойн анги байхгүй газар байгаль хамгаалагч мод бэлтгэх болон ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг иргэнд олгох.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах шинэлэг зохицуулалт тусгагдсан юм.
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутагт гал түлэх, шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг ил хаях, тамхи татах, шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаяхыг хориглосон байна. Түүнчлэн түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх, ашиглахад бэлэн байлгахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосон байна.
Дээрх хориглосон үйлдлийг гаргасан, түүнчлэн түймрээс хамгаалах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор боллоо.
2.Өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавжтай тэмцсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу урамшуулах юм.
3.Ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн сангийн төлөв байдлыг шинэчлэн тогтоох, түүнчлэн ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн баталж байхаар болов.
4.Түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ байгаль хамгаалагчид гаргах /20.1.4/, цэвэрлэгээний журмаар мод бэлтгэх /28.4 / болон ой дагалт баялаг ашиглах /38.1/ эрхийн бичгийг сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгодог байсныг өөрчилж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгож байхаар боллоо.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь дараах ач холбогдолтой юм.
1.Ой, хээрийн бүс нутгийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй болохоос гадна төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага нэмэгдэж ой, хээрийн түймэр багасна.
2.Ойн нөөцийн судалгааны ажил олон улсын түвшинд хүрч, ойн тооллого, зохион байгуулалтын ажлыг хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх боломж бүрдэнэ.
3.Иргэд түлшний мод бэлтгэх, ойн дагалт баялаг /самар, жимс, мөөг гэх мэт/ ашиглах эрхийн бичгийг чирэгдэлгүй авах боломжтой болно.