УИХ-ын зарим гишүүдийн өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын Чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг Байнгын хороогоор оруулах үед С.Дэмбэрэл гишүүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан билээ. Хууль тогтоох эрх эдэлдэг төрийн дээд байгууллагад анхаарах ёстой амин чухал асуудал маш их хуримтлагдсан атал мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудын хийх ёстой онц чухал биш ажил үүргийг булаан авч, урдуур нь орж хамж хийгээд байгааг эсэргүүцсэн билээ. Гэвч олонхийн саналаар 07 сарын 04-ны УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж орж иржээ. Бөхийн цол чимгийн талаар ярьж, хэлэлцэж байгааг харж суусан эрхэм гишүүн маань:
“Монгол улсын цаашдын хувь заяанд асар чухал ач холбогдолтой, хөгжилд чухал нөлөөтэй ийм хуулийг санаачилж байгаа та бүхэнд баяр хүргэе. Би ийм асуулт асуух гэсэн юм. Цаашдаа, морины уралдаан, шагайн харваа зэрэг энэ бүх үндэсний спорт, тоглоом наадмуудын төрөл бүрийг зохицуулсан тийм хуулийг та бүхэн бас санаачилна гэдэгт ард түмэн итгэж байгаа шүү. Энийг та бүхэнд дамжуулах гэсэн юм. Баярлалаа.”
хэмээн егөөджээ.