Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр (Мягмар гариг)-ийн хуралдааны гар тэмдэглэлээс
Нэг. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей ирц, хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Ж.Батзандан нарын гаргасан, Улсын Их Хурал, Засгийн газрын байгууллагуудын бүтэц, менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж батлуулна гэсэн саналын талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батзандан нар санал хэлэв. Санал хураалтаар:
Зөвшөөрсөн 8
Татгалзсан 2
Бүгд 10
Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.
ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ
Нэг. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
А.Бакей: Энэ асуудалтай холбогдуулж асуух асуулттай гишүүд байна уу? Улсын Их Хурал, Засгийн газрын байгууллагуудын бүтэц, менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж батлуулна гэж байна. 2014 онд гэсэн байна. С.Дэмбэрэл гишүүн болон би бас энэ дээр нэмэгдэж байгаа юм. Өөр нэмэгдэх, нэр өгөх гишүүд байвал, Ж.Батзандан гишүүн нарын санал байна.
Ч.Сайханбилэг: Ямар утгаар нь ойлгож байгаа юм бэ? С.Дэмбэрэл гишүүн ээ.
С.Дэмбэрэл: 97 оноос хойш энэ гүйцэтгэх засаглалд автсан, нутагшуулсан яам болон түүнтэй холбогдсон бүтцүүд болох тохируулах, хэрэгжүүлэх агентлагууд гэсэн харилцаа. Сүүлийн үед төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг ийм нэг сонин юмнууд бас бий болоод байна. Төрийн бүтцэд маань ингээд хэвшээд, тогтоод явж байсан, тэгэхээр манай эндээс шийдвэр гаргах ёстой. Цаашдаа энэ тогтоц хэвээр явах юм уу? үгүй юм уу? Засаг болгон дээр л өөрчлөгдөж байх ёстой юм уу? Тэгээд энэ чинь юуг харуулаад байна вэ гэхээр, хэрэв үүнийгээ цаашаа авч явна гэвэл энэ нь өөрөө хуульчлагдаад, тэгээд эрх барьж байгаа намуудын бие бие рүүгээ дайрдаг тийм технологи, үзүүлэлт болж болохгүй. Танайх олон болголоо, манайх цөөхөн болголоо гэсэн ийм маргааны үзүүлэлт болгож болохгүй. Төрийн энэ институциудын бүтэц бол маш тогтвортой, хэнд ч ойлгогдохуйц зохистой хэмжээнд тогтоогдсон байх ёстой. Яагаад гэвэл энэ улсын чинь эдийн засаг өснө, тэгэхдээ энэ маань агентлагиудыг нэмээд бай гэсэн үг биш, бас хасаад бай ч гэсэн үг биш, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, энэ зохицуулах, хэрэгжүүлэх агентлагуудыг бас одоо сүүлийн үеийн хандлага, тэр шууд ардчилал гэж яриад байгаа. Төр, хувийн хэвшлийн, төр, иргэний нийгмийн хоорондын диалоги болон түншлэлийн асуудал энэ бүхэн маань хуулиудад, энэ чиглэлийн юмнуудад бас сайн тусгагдаагүй, уялдаагүй байгаа. Тийм учраас би түрүүн жишээ хэлж байсан. Сумын төсвөө чи мэднэ гээд иргэдийг хэлж байна. Гэтэл сумын төсвийг яаж захиран зарцуулах талын төрийн бүтэц нь байж байна. Энэ хоёрын хоорондын харьцааг жишээлбэл, цаашдаа яах юм бэ? Төлөөллийн болон шууд ардчиллын зохистой харьцаа цаашдаа энэ төрийн институциуд дээр яаж тусах юм бэ гэсэн иймэрхүү засаглалынхаа бүтцийг эргэж хараад, бодоод, ярилцаад тодорхой шийдвэр гаргах ёстой байх гэсэн утгаар хэлж байгаа юм.
А.Бакей: Ийм тайлбартай байна. Ч.Сайханбилэг гишүүн
Ч.Сайханбилэг: С.Дэмбэрэл гишүүний тайлбарыг сонслоо. Ерөнхий санаа, концепцийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингэж хийж болно. Би гэхдээ ерөнхий явах гэж байгаа процедур нь зөв үү, үгүй юу гэдэг дээр л жаахан эргэлзэж байна. Яагаад гэхээр шууд хууль тогтоох засаглал маань өөрөө санаачлагаараа ингээд гүйцэтгэх засаглалынхаа юмыг аваад ийм байх ёстой гээд ингээд шууд тогтоогоод өгөх нь дахиад нөгөө засаглал хуваах онолоороо, элдэв юмаараа хэр харагдах вэ?
Тийм учраас Их Хуралтай холбоотой, шууд ардчилалтай холбоотой энэ юмнуудаа Их Хурал өөрөө хийгээд, С.Дэмбэрэл гишүүн тодорхой саналууд байвал өгөөд, энэ саналаа гүйцэтгэх засаглалын хувьд ийм байх нь зүйтэй гэдгээ Засгийн газар уг нь өөрөө барьвал зөв явах байх. Шууд эндээс тогтоогоод өгөхөөр чинь засаг хоорондын бие биетэйгээ тэр юм руу нэлээн ээдрээтэй сонсогдохоор байна.
Су.Батболд: Төрийн захиргааны төв байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын асуудал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал гээд дандаа анхаарал татдаг. Би бодохдоо ингэж боддог юм. Жишээлбэл, Монгол Улс жижигхэн эдийн засагтай жижиг орны хувьд бол яамдын тоог хэт их байлгаж болмооргүй санагддаг юм. Манайх ингээд Засгийн газар шинээр байгуулагдангуутаа яамдынхаа бүтцийг гаргаж ирдэг. Үгүй бол үүнийг бүр хуульчлаад тэдэн яам байна гээд. Уг нь онолынхоо хувьд ийм л дээ. Тухайн Ерөнхий сайд гарч ирэхдээ эдийн засгийн байдлаа хараад, юугаа тэргүүн ээлжинд тавьж байгаа юм бэ, ямар юмандаа ач холбогдол өгч байгаа юм бэ, түүнийх нь хүрээнд тухайн Ерөнхий сайд хоёр хүртэл яамыг шинээр байгуулах буюу тэргүүн ээлжинд бий болгох асуудлыг, бусад тохиолдолд яамдын бүтэц нь хэвээрээ байдаг тийм тогтолцоонд орохгүй бол нэг Ерөнхий сайд гарч ирээд хэдэн сар ч болдог юм бэ? 5 сар ч бай, 8 сар ч болдог бай, дараагийн Ерөнхий сайд гарч ирээд дахиад л яам бужигнаж байдаг ийм байдлыг халах бололцоо бүрдэх юм шиг байгаа.
Хоёрдугаарт, С.Дэмбэрэл гишүүнийх дээр хоёр санаа хэлье гэж бодоод байгаа юм. Ер нь бид нар 20 жилийн туршид энэ бүтцээр яваад ирсэн. Тэгэхдээ энэ бүтцийг зөвхөн шинэ Зеландын ч гэдэг юм уу, санхүүгийн удирдлага, менежментийн шинэ тогтолцооны юм гэж бас үзэж болохгүй юм байгаа. Ерөнхийдөө хуучин тогтолцооны үеийн аж ахуйн яамнаасаа бодлого руу шилжээд, бодлогын хэрэгжилтийг хангахын тулд тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн тэр бүтцээ ерөнхийд нь авч явмаар юм шиг байгаа юм. Харин саяны шинэ Засгийн газар бол үүнийг нэлээн алдагдуулаад, улсын үйлдвэрийн газар болгоод, яамдын тоог нэмж байгаа нэрээр, энэ тогтож ирсэн юмаа алдагдуулаад байгаа юм. Уг нь бид нар нэгэнтээ яваад ирсэн, энэ зах зээлийн орнуудад хэрэгжиж байдаг энэ бүтцийг цааш нь хадгалж явах зайлшгүй шаардлагатай юм. Энэ утгаар нь би энэ тогтоолыг маш сайн боловсруулаад, Засгийн газар, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдаж, судлаачдыг оролцуулж байгаад батлах нь зүйтэй.
Хоёрдугаарт, би энэ тогтоол дээр юу анхаарах ёстой вэ гэхээр, энэ уялдаа холбоо байгаа юм. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн институци, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, энэ гурвын чинь хоорондын уялдаа холбоо нь хэр зэрэг байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн засаглалаас парламент руугаа ч гүйж ороод, Засгийн газар руу ч гүйж ороод байх юм уу? эсхүл парламент нь Засгийн газрын эрх мэдэл рүү давхиж ороод, чи үүнийгээ тэгж хий, түүнийгээ ингэж хий, би түүнийг чинь очиж шалгана, энэ чинь ч буруу байна гээд байх энэ хоорондын механизм Монголд их сул байгаа юм. Энэ механизмыг илүү боловсронгуй болгохын тулд сонгодог парламентын засаглалтай болох ёстой юм уу? тэр дотор Ерөнхий сайдын эрх мэдэл нь ямар байх ёстой вэ гэсэн энэ юмаа харах талаас нь илүү ажлын хэсэг байгаад тогтоолын төсөл байх юм бол дэмжиж байна.
С.Дэмбэрэл: Ерөнхийдөө энэ Их Хурлын энэ хороог бол Монгол Улсын төрийн аль ч түвшний инститициудын асуудлыг оруулах хэрэгтэй гэж би ойлгоод энэ асуудлыг би оруулж байгаа юм, нэг талаас.
Нөгөө талаас, ер нь засаглалынхаа хэлбэрийг тест хийсэн хэлбэрээр, үе үе ингэж эргэж харж, энэ юу нь болж байна? юу нь болохгүй байна гэдгийг төрийн байгуулалтын талаас нь харж байх ёстой гэсэн хоёрдугаар аргумент.
Гуравдугаарх нь, яг өнөөдрийн системийг хараад байхаар асар их хэцүү тэгээд нэг их олон шат дамжлагатай, хамгийн гол нь маш их цаг хугацаа авдаг ийм засаглал байгаад байна. Энэ тухайн тэнд ажилладаг хүнээсээ гэхээсээ илүү хууль эрх зүйн хувьд баталгаажуулсан энэ хуулиудаас хамааралтай гэж үзээд байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, Засгийн газрын худалдан авалт 50-700 хоногоор хоцорч байна, хуульд заасан хэмжээнээс. Энэ чинь ар дахь ажлыг алж өгч байна шүү дээ. Тэр талаас нь ч гэдэг юм уу? ингээд янз янзын.
Ж.Батзандан: Захиргааны шинэтгэлийг цогц утгаар нь ярихгүй бол болохгүй байгаа юм. Захиргааны шинэтгэл гэхээр Засгийн газар өөрийгөө ярьж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Засгийн газар, төрийн захиргааны, нийтийн захиргааны төв байгууллага гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ Улсын Их Хурал бол төр, нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлыг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд, бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэлэлцэх эрхтэй байгууллага. Засгийн газар нь, захиргааны эрх зүйн хуулиуд нь өнөөдөр Монголын хөгжилд садаа болоод байна гэдгийг бид ойлгож байгаа. Хүнд суртал хаанаас эхтэй байгаа вэ? захиргааны байгууллагаас, авлига хаана байгаа вэ? захиргааны байгууллагад байгаа. Захиргааны хурд гэж “0”. Ийм л байгаа. Тэгэхээр Засгийн газар өөрөө энэ захиргааны шинэчлэлийн асуудлаа яаралтай оруулж ирэхгүй бол Улсын Их Хурал зүгээр хараад сууна гэж байхгүй ээ. Засгийн газрыг бид шахна. Засгийн газарт илүү хурдтай ажиллах, хүнд сурталгүй ажиллах, нээлттэй ажиллах, хүний төлөө ажиллах, авлигаас ангид байх тэр бололцоо боломжийг нь хангаж өгөхийн тулд бид Улсын Их Хурал бол реформын саналыг хууль батлах замаар, энэ захиргааны бүтцийг өөрчилж, шинэчлэх асуудлыг хөндөж тавихаас өөр аргагүй гэж би ойлгож байгаа.
Өнөөдөр хуулийн төсөл боловсруулаад Засгийн газарт өгөхөд 30 хоног дарж хэвтдэг. Яг 30 хоногийг нь болгоод л өгч байх ёстой. Уг нь 7 хоногийн дотор өгчих бололцоотой л юм байгаа. Засгийн газарт чиглэл өгч байгаа тогтоолын төслийг заавал Засгийн газраас асуудаг системээр л яваад байгаа. Ийм маягаар манай төрийн үйл ажиллагааг гацаадаг, удаадаг, энэ захиргааны хууль, дүрэм, журмуудаа бид эргэн харах ёстой гэж ойлгож байгаа.
Бакей гишүүн ээ, та Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, наад захиргааны эрх зүйн хууль дүрмүүдээ харахгүй бол хоорондоо зөрчилдсөн. Аж ахуйн нэгжийн тухай хууль нь Татварын хуультайгаа очоод зөрчилдөнө. Татварын хуулийг нь бариад авахаар өөр бусад хуулиудтай очоод зөрчилдөнө. Засгийн газраас 200 гаруй хуульд өөрчлөлт оруулна гээд яриад байгаа. Үндсэн хуультайгаа очоод бүгдээрээ зөрчилдөнө. Гол бүхэн далайд цутгадаг гэдэг шиг, хууль бүхэн Үндсэн хуулиас эхтэй байдаг юм. Наад Үндсэн хуулиа эргэж харахгүй бол төрийн захиргааны том шинэтгэлийнхээ асуудлыг ярихгүй бол наад төрийн ажил чинь явахгүй байна. Ганц тендер шалгаруулах гэж 6 сар болж байгаа. Ганц сонгон шалгаруулалт хийх гэж З сар болж байгаа. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн ажил эхэлсэн юм ерөөсөө байхгүй. Мөнгө нь ч шилжээгүй, тендер нь сонгон шалгаруулалтаа хийж чадахгүй, хоорондоо хэрэлдээд сууж байгаа, ийм л байгаа. Тэгэхээр наад захиргааны шинэтгэлийн асуудлаа бид хурдтай шуурхай ярихгүй бол зүгээр Засгийн газрыг хараад энэ явахгүй юм байна. Бид нэг л Засгийн газартай. Засгийн газрынхаа ажлыг сайжруулах нь, Засгийн газартаа хяналт тавих нь, ташуур өгөх нь энэ Улсын Их Хурлын ч үүрэг. Тийм учраас Улсын Их Хурал энэ Засгийн газрыг шахах чиглэлд, энэ реформыг нь дэмжих чиглэлд, ажлыг нь сайжруулах чиглэлд ярих ёстой.
Би Ч.Сайханбилэг даргыг Улсын Их Хурлын гишүүн гэж ойлгож байна. Ганцхан засгийг төлөөлөхгүй. Тийм учраас Улсын Их Хуралтайгаа хамтраад энэ ажлаа эрчимжүүлэх чиглэлд явах ёстой. С.Дэмбэрэл гишүүний гаргаж байгаа саналыг би дэмжиж байгаа юм.
А.Бакей: Үндэслэлийг сонслоо. Үнэхээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, чиг үүргийн давхардал гэдэг ч юм уу? засаглалыг захиргааны ажлын менежментийг сайжруулах эрэлт хэрэгцээ байгаа. Үүнийг хэн ч гэсэн нүдний өмнө байгаа асуудал учраас энэ тогтоолыг гаргах нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал. Ингээд энэ саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.
11-8. Дэмжигдлээ.