ИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд ирсэн урилгатай холбогдуулан, Монголын Байт Харвааны Холбооноос Азийн Гран При тэмцээнийг анх удаа Монгол Улсад зохион байгуулах гэж байгааг олж мэдлээ. Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 42 жилийн тэртээ алтан медаль хүртсэн билээ. Будант Альбионд эх орныхоо нэрийг дуурсгасан төдийгүй Монгол Улс дэлхийн анхны аваргаа тосон авсан түүхийн эхлэл энэ. Төв аймгийн Баянбараат суманд мал хариулж явсан охин 1957 онд Улаанбаатарт ирж гуталчин болжээ. Өнөө цагийн тамирчид шиг үнэтэй машин хөлөглөж, орон сууцанд амьдарч үзээгүй тэрээр гутлын артелийнхаа тэргүүний ажилчдын нэг байж ажил төрөл, бэлтгэл сургуулилтаа хослуулдаг байсан гэдэг. 1969 оны дэлхийн аваргад анх удаа оролцсон тэрээр 1971 онд Англид хоёр дахиа хүч үзэв. Багаараа эхний зургаад орох зорилго өвөртлөн буурал Европыг зорихдоо тэрээр түрүүлнэ гэж санаагүй явсан биз. Хувийн харваанд 30 м-т сүүлчийн гурван сум тавихын өмнөх байдлаар АНУ-ын харваач, Д.Дэмбэрэл нар энэ тэнцүү оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж эхэлснийг багш нь мэдчихээд шавиасаа нууцалсан гэдэг. АНУ-ын тамирчин эхний сумаа 10 оноход Д.Дэмбэрэл гавьяат мөн л 10 дээр тусах нь тэр. Хоёр бүсгүй хоёр дахь харваанд адилхан есийг онилж санасандаа хүрэв. Ингээд АНУ-ын тамирчны гурав дахь сум дахин ес дээр онож орхижээ.
Манай тамирчид цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад харваж 10 дээр оносноор монголчуудын дундаас анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй. Аваргын алтан медалиа тэрээр зургаахан фунт стерлингийн хураамжнаас шалтгаалан хоёр сарын дараа авч байсан гэдэг. Учир нь дэлхийн аваргын өндөрлөсний дараа орой шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй байж. Зургаан фунт стерлингийн хураамж төлөн оролцох ёслолын ажиллагаанд хариуцаж явсан төлөөлөгч нь төсөв мөнгө алга хэмээснээр Монголын тамирчид шуудхан л хурдан галт тэргэнд суугаад эх орноо зорьжээ. Галт тэрэгний буудал дээр ЗХУ-ын тамирчид таарчихаад “Та нар яагаад цайллагад оролцоогүй юм. Алтан медалиа голоод байгаа юм уу” гээд гайхсан гэдэг. Ингээд дэлхийн аварга өндөрлөөд хоёр сарын дараа илгээмжээр алтан медаль нь ирж байсан удаатай. Монголын спортын түүхэнд мартагдах учиргүй энэ хүний талаар, хөрөнгө мөнгөгүй улмаас хэрхэн хөөрхийлөлтэй байдалд орж байсан тухай эргэн дурссан минь учиртай.
Харвааны өнө эртний баатарлаг түүхэн уламжлалтай монголчууд маань энэхүү спортоор дэлхийн тавцанд өрсөлдөх гэж чамгүй хичээл зүтгэл гаргаж байна. Эрийн гурван наадамтай эх орныхоо цуут нэр төрийг өндөрт өргөж, дэлхийн тавцанд цууриатуулах гэж оролдож байгаа нь ч дэмжүүштэй юм. Тиймээс ч Азийн дээд хэмжээний тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахыг дэмжих Ёслолд УИХ-ын гишүүдийг онцгойлон урьсан байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү Холбооны хүндэт ерөнхийлөгч юм байна. Анхны дэлхийн аваргыг авчирсан спортоос анхны Паралимпын аварга /Д.Баатаржав/ ч бас төрөн гарч, Монгол түмнийхээ магнай тэнийлгэн баярлуулсан билээ. Удахгүй монгол мэргэн харваачид Олимп, Тив, Дэлхийн тавцанд цэц мэргэнээ гайхуулан бишрэгдэх болтугай хэмээн ерөөе.
Л.Алтанхуяг