НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН БОЛОН “ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
/24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбус/
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, хэлэлцүүлж, батлууллаа.
Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 3 үе шаттайгаар хэлэлцэж, 6 дугаар сарын 07-ны өдөр 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын баталсан билээ.
Импортлох автобус, троллейбусны харгалзах кодыг шинэчилсэн кодын дагуу өөрчлөх, мөн хууль, тогтоолын хэрэгжих хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоохоор баталлаа.
Ач холбогдол:
Нийтийн болон хот хоорондын тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийгдэх, Замын хөдөлгөөний түгжрэл багасах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татан оролцуулах ач холбогдолтой юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурал 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зарим төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байх тухай” хуулиар 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш З хүртэл жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.
Энэ хуулийн хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дахин сунгах тухай хуулийг 2006 онд Улсын Их Хурлаар батлан гаргасан юм. Хууль батлагдан гарснаас хойш нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоо 40 хувиар нэмэгдэж паркийг шинэчлэхэд нилээд ахиц гарсан. Гэвч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны парк ашиглалт 50.0 хувьтай байгаа боловч энэхүү үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байсан тул энэхүү хууль батлагдсан.
ХЗҮХ-ийн зөвлөх Ё.ЭНХСАЙХАН