2013 оны 05 сарын 28-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс. 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсох /Ажлын хэсгийн хуралдааны үр дүнгээс хамаарна/;
Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл мөнгөний зарцуулалтын талаарх санал;
“Занарын тосны технологийн тухай” Монголын занарын холбооноос танилцуулга хийх (сонирхсон Улсын Их Хурлын гишүүд, сайд болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцоно);
Бусад
Гарамгайбаатар: Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн хэлтсийн дарга Н.Доржсүрэн цагдаагийн даргын хэлтсийн дарга эдгээр хүмүүс оролцож байгаа. Горимын санал за Дэмбэрэл гишүүн.
С.Дэмбэрэл: Энэ чиглэлийн байгууллагын хүмүүс бусад улс орнуудад бие даасан бөгөөд хараат бус тийм статустай байдаг гэж би ойлгож байгаа. Эртээд хуулийн төсөлд бас бичсэн байсан л даа, бие даасан бөгөөд хараат бус байна гээд. Тэгээд дараагийн хуулийн, яг тэрний дараагийн хуулийн заалтууд нь болохоор бие даасан хараат бус гэдэг юм огт харагдахгүй, тэгэхээр асуулт юу вэ гэхээр, энэ хуулиндаа бие даасан хараат бус байдлуудыг яаж толорхойлсон юм бэ? Энэ Монголбанкны нэг нэгж юм уу? Тэгвэл энэ чинь бие даасан хараат бус, эсвэл бие даасан хараат бус гэсэн статустай өөр байгууллага юм уу гэдгийг тодорхойлохоос энэ хуулийн амин сүнс, энэ хуулийн чанар нь хамаарна л даа. Үүн дээр нэг хариулт хэлчих хүн байна уу?
Гарамгайбаатар: Хууль зүйн сайд Тэмүүжин хэрэгтэй юм байна, Монголбанкны тэргүүн Жавхлан. Өөр хариулт өгөх хүн алга байна.