УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сүүлийн үед юм л бол гишүүдийг инээлгэж, хөгжөөж байдаг болжээ. Эмзэг дэлбээ, шилжилтийн нас зэрэг улстөрчдөд зохимжгүй нэр хайрлаж суудаг болсон тэрбээр гишүүдийн ирцийн асуудлыг ярих үеэр нэг асуудлыг огтхон ч ойлгохгүй байна гэдгээ хэлсэн юм.
Энэ нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс гаргасан ирцийн албан мэдээтэй холбоотой асуудал аж. Энэхүү мэдээллийг тараахдаа ИЗНН-ынхан ирцийн тавин хувиа бүрдүүлж чадахгүй байна гэсэн байна. Гэтэл С.Дэмбэрэл гишүүн “Юу гэсэн үг вэ. Би чуулганд суухгүй бол С.Оюун сууж л байгаа. Би суудаг өдөр С.Оюун байхгүй бол 50 хувь нь байгаа л гэсэн үг биз дээ. Бид хоёроос өөр хүн байхгүй биз дээ” хэмээн нэлээд гайхширсан байдалтай асуусан нь гишүүдийг нирхийтэл инээлгэсэн юм. Хоёрхон хүн 100 хувь ирцээ бүрдүүлэх асуудалд бус 20, 30 гишүүнийгээ үгэндээ оруулах ажлаа олигтойхон хийгээч ээ, Тамгын газрынхаан.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох