“Эрдэнэс МГЛ” хувьцаат компани, “Эрдэнэс-Оюутолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааны явцын байдлын талаарх мэдээлэл.
С.Дэмбэрэл: -С.Ганбаатартаа баярлалаа. Би товчхон асууна. Их товчхон хариулахыг бодоорой.
Нэгдүгээрт, Я.Долгоржав захирлаас. Ерөнхийдөө Монголын уул уурхайн секторт төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчийн нийт хувь хэмжээ сүүлийн жилүүдэд, хамгийн сүүлчийн байдлаар хэд байна вэ?
Хоёрдугаарт, энд бичсэн байна. Танай компани “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ эрхэлдэг. Өмнөх үзүүлсэн юм чинь хоорондоо зөрчилдөөд байна. Танайх холдинг юмуу? Бусад нь охин компани юмуу? Энэ хоёрын чинь хоорондын харьцаа чиг үүргээрээ зөрчилтэй байна. Танайх бас ажлаа хамтарч, зэрэг хийх ч юм шиг. Товчхон хариулт өгөөч.
Я.Долгоржав: - Стратегийн 15 орд гээд түүгээр хязгаарлачихсан.
С.Дэмбэрэл: - Гэхдээ энд тэгж бичээгүй байна шүү дээ. Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой нийт хэдэн компани өнөөдрийн байдлаар байна вэ? Эрдэнэт шиг. Энэ бүхнийг танайх оруулна гэсэн үг үү? МонРос, Шарын гол, Дарханы төмөрлөг орох уу? Бүгд уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Энэ өгүүлбэрээр бодвол Монгол улсад уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн оролцоотой бүх компаниуд танай чиг үүрэгт орсон байна гэж ойлгож болох уу? Энэ материал дээр л худлаа бичээгүй юм бол. Би энд бичсэнээс чинь л асууж байна шүү!
Тэрний дараа Хөгжлийн банктай ямар холбоотой юм вэ? Танай банкны данс аль, аль банкуудад байрладаг вэ?
Өөрөө хамгийн сүүлд нь хэлсэн. Охин компани, толгой компани хоёрын хоорондын харьцаа зөвхөн Компанийн тухай хуулиар хязгаарлагдаад яваад байна гэсэн. Одоо яг ямар асуудал байгаа вэ? Жишээлбэл, би сая танай танилцуулга, Д.Батбаатарын танилцуулгыг харахад ижилхэн юм харагдаад байна. Шилжүүлсэн л юм хараад байна. Тэгээд охин болон толгой компанийн хоорондын харьцаа алга.
Д.Батбаатараас асууя.
Нэгдүгээр асуулт, ТУЗ-ийн гурван гишүүн байгаа. Өөрийн чинь тайлан дээр, зургаан улирал дараалан Сангийн яаманд тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлийнхээ юмыг өгөөгүй гэсэн байна. Энийг хэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ яагаад зургаан удаа дараалан хууль зөрчив гэдэг асуудлыг та нар юу гэж үзэж байна вэ?
Хоёрдугаарт, амласан гэж байна. Чиний танилцуулгын доор байна. Хууль байхад яагаад амлаж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, хууль байхад хуулийг л биелүүлэх ёстой. Гэтэл чиний шахалтаар амладаг энэ хэвийн үзэгдэл мөн үү /менежментийн/?
Гуравдугаарт, 34, 51, 29 гээд яриад байна. Яг үнэндээ гэхэд төрийн өмчид байгаа усны чиглэлээр танай “Эрдэнэс-Оюутолгой” компани яг одоо ямар үүрэгтэй, юу хийх гэж байгаагаа хэлж өгнө үү.
Дээр нь, хуулиар бол дотоод аудит байх ёстой. Оюутолгой компани дээр дотоод аудитын үйл явц ямар байдалтай вэ? Монголын талын оролцоо байна уу? Энэ дээр мөн цөөнхдөө ТУЗ-ийн гурван цөөнхдөө дотоод аудитыг хариуцуулдаг олон улсын жишиг байна. Хариуцаж байна уу? Тодорхой асуулт байгаа биз?
Түрүүн ярьсан, худалдан авалт дээр монголын талаас зөв үнэлгээ хийхэд нь гаалийн мэдүүлэг болон бодитой үнэлгээн дээр ямархуу үйл ажиллагаа явуулдаг вэ? Энэ бүхэн багцаараа Компанийн хуулинд заасан бага, жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал, үүнтэй холбогдуулан компанийн сайн засаглал Оюутолгой дээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудалтай яаж бодитойгоор хэрэгжиж байна вэ гэсэн ийм асуултуудад их товч хариулт авмаар байна. Баярлалаа.
С.Дэмбэрэл: - Нэмээд асууя. Саяын зөрчилтэй асуудлуудаар Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл өгч болох уу?
Я.Долгоржав: - Болно л доо. Хамтарч л тал талаасаа үзэхгүй бол янз бүрийн юмнууд, зарим нь орхигдчихдог, зарим нь анзаарагддаггүй тийм юмнууд их байдаг шиг байна.
Д.Батбаатар: - Асуултанд хариулахын өмнө саяын Я.Долгоржав захирлын хариулсан сүүлийн асуулт дээр ганцхан зүйл хэлье. Охин компани, толгой компанийн хоорондын харьцаа ямар байна вэ? Энэ чинь сайн харагдахгүй байна гэсэн.
Ер нь Я.Долгоржав захирлын хэлж байгаагаар бол хуулийн зохицуулалт маань тодорхой бус байна уу даа гэдэг юм хэлж байгаа юм. Яг практик амьдрал дээр бидний хооронд ямар нэгэн зөрчил байхгүй байгаа бөгөөд толгой компанийнхаа бодлого, чиглэлийг яг бариад явж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаандаа нэгдмэл, энэ бодлого, зорилготой явж байгаа гэдгийг бас хэлье. Энэ дээр манай толгой компаниас нэг дэд захирал маань манай компанийг давхар хариуцаад явж байдаг Г.Тэмүүлэн захирал энд байна.
Зургаан улирал дараалаад тайлан гээд, энэ нь хууль, дүрэмд нийцэж байна уу гэж байна. Энэ бол, ерөөсөө Оюутолгой компани өөрөө санхүүгийн тайлангаа зургаан улирал дараалаад тушаахгүй гээд хууль зөрчөөд байсан юм байхгүй. Энэ дээр ойлголтын зөрүү буюу тодорхой тогтсон тоо юман дээрээ тохиролцож чадаагүй учраас энэ хугацаа яваад байсан байдаг юм. Тэр нь ямар юм байдаг вэ гэхээр Сангийн яам хувь нийлүүлэгчдийн, Оюутолгой компани чинь 2010 оныхоо тайланг тушаах гээд очиход тэнд тусгагдсан тайлан, дүн дээр анхны хөрөнгө оруулалт буюу хүүтэй зээлийг хоёр тал 749,5 сая ам.доллараар тохирсон байдаг. Хүүгүй зээл нь 282,5 сая ам.долларыг зээлийн богино хугацаанд өр, төлбөрөөс хасах нь зүйтэй гэсэн. Үүнийгээ анх тэгж тохирсон байдаг. Үүнийг манай Сангийн яам тайланг хүлээж авахдаа маш хатуу байр суурьтай, үүнийгээ л хэрэгжүүл гэдэг шаардлага тавьдаг.
Гэтэл тэрийг нь PwC гээд олон улсын аудитын компани авч үзэхдээ өмнө нь тохирсноос нь арай өөрөөр аваад баталгаажуулчихсан байдаг. Энэ процесс нэлээн удаан хугацаанд яваад байдаг. Эхний санхүүгийн тайлангаа тушааж баталгаажуулаагүй учраас 2011 оны санхүүгийн тайлан тушаагдах боломжгүй болчихож байгаа юм.
Манай компани гарч ирснээр яасан бэ гэхээр 2012 оны 04 дүгээр сарын 20-нд зургаан улирал дараалсан хугацаа дуусах нь байна, энэ тохиолдолд та нар тусгай зөвшөөрөл чинь хүчингүй болоод энэ төсөл маань бүр зогсох гээд байна гэдгээ тал, талаасаа нэлээн ярьж байж, ойлголцож байж манай Сангийн яамны бодлого баталгаажиж, хэрэгжиж ингэж явсан, үр дүнд хүрсэн гэдэг ийм хариултыг өгмөөр байна.
С.Дэмбэрэл: -Нөгөө тал нь зургаан удаа хууль зөрчигдсөн юм байна шүү дээ.
Д.Батбаатар: -Тэр бол яг наадах чинь л маргааны эх үүсвэр болоод явчихдаг юм. Зургаан удаа хууль зөрчсөн гэж үзнэ гэхээр Оюутолгой компанийнхан маань “бид санхүүгийнхаа тайланг Сангийн яаманд аваачаад өгчихсөн” гээд. Гэтэл хуулиараа баталгаажуулах нь тусдаа байдаг. Үүнийгээ өгсөн үү, авсан уу, баталгаажсан уу, баталгаажуулаагүй юу гэдэг маань ингээд үргэлжлээд яваад байсан байдаг юм.
Тэгэхээр би шууд зургаан удаа хууль зөрчсөн гэж Оюутолгой компанийнхаа нөхдүүдийг шууд буруутгаж чадахгүй байгаа юм.
Усны чиглэл дээр. Энд би бас нэг зүйлийг хэлчихье гэж бодож байна. Өрөөсгөл ойлголт яваад байх шиг байна. Оюутолгой компани ерөөсөө усны төлбөр нэг ч төгрөг төлөхгүй байна гэсэн ийм ойлголт яваад байх шиг байна. Ус, рашаан, нөөц ашигласны тухай хуульд заасны дагуу өнөөдрийн байдлаар Оюутолгой компани нэг шоо метр усанд 150 төгрөгийг төлөөд явж байгаа.
С.Дэмбэрэл: -Би наадахыг чинь мэдэж байгаа. Би тэрийг яриагүй байна шүү дээ. Төрийн өмч гэдэг талаас нь.
Д.Батбаатар: -Би хариулах гэж байна л даа, гишүүн ээ. Уучлаарай.
Цаашид бид усны чиглэлээр ямархуу байр суурьтай байх вэ гэдэг дээр Оюутолгой компанитайгаа байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ гэдэг бодлогын том баримт бичиг байгаа. Энэ дээр нь бид нэлээн тулж ажиллаж, энд нь суулгаж өгч, тусгах тал дээр бас яриа хэлэлцээрүүд өгье гэсэн байр суурьтай байгаа юм.
Дотоод аудит ямар байна вэ гэсэн. Энэ дээр би товчхон хариулъя. Манай ТУЗ-ийн гурван гишүүнээс П.Цагаан гишүүн маань компанийнхаа аудит, санхүүгийн хороог ахалж ажилладаг. Дотоод аудитыг бий болгох тал дээр бид Оюутолгой компанийн дүрэмдээ суулгуулаад, өөрчлөлт оруулаад ерөнхийдөө ТУЗ-ийн хурлаараа дотоод аудитыг бий болгоё гээд ярьж байтал Компанийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулаад дотоод аудит гэдгийг үндсэндээ үгүй хийгээд хяналтын зөвлөл /аудитын/ гэж байх ёстой гэдэг юм орчихсон явж байгаа юм.
Үүнийгээ бид мөн компанийнхаа нөхдүүдтэй бас хяналтын зөвлөл нь байхгүй болоод, аудитын. Энийг би байрыг нь сольчихож. Үүнийгээ бид компанийн нөхдүүдтэй яриад явж байгаа. Энэ дээр тодорхой хэмжээгээр аудитын хяналт байгаа, энэ бол хэрэгжиж байна.
С.Дэмбэрэл: -Дотоод аудитын яг бүтэц ТУЗ-өөр орж батлагдаагүй байна гэсэн үг үү?
Д.Батбаатар: -Ер нь дүрэм дээр нь бид яриад байгаа юм.
Ханган нийлүүлэлттэй холбогдуулан, компанийн сайн засаглал гэж юу байна вэ гэсэн. Энэ дээр л бид нар Оюутолгой компанийнхаа нөхдүүдтэй, ТУЗ-ийн хурал болгон дээр нь ярьж байгаа. Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлье, интеграцчилалд чинь бид оръё, бид та нарын гүйцэтгэх удирдлагыг орлогч нарын төвшинд бид хүмүүсээ томилж ажиллуулъя гэдэг дээр байнга ярьж байгаа.
Засгийн газрын үнэт цаас гаргах, зөвшөөрөл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
С.Дэмбэрэл: -Ямар ч гэсэн би саяын төдийгүй, өдөр Н.Батбаяр сайдтай, бас сүүлийн үед телевизээр болон Иргэний танхимд хийсэн хэлэлцүүлгүүдийг хараад энэ дээр хүмүүстэй ярьж байхад хүмүүст их найдвар тарьсан statement-үүдийг хийж байсан. Хүмүүс их хүлээлттэй байгаа, бизнес эрхлэгчид, ашгүй дээ, энэ Монгол улсад зээлийн хүү гайгүй болох юм байна, санхүүгийн орчин сайжрах юм байна, манай Засгийн газрын бодлого, тэр тусмаа хүнд хэцүү нөхцөлд хямд эх үүсвэр оруулж ирэх гэж байгаа юм байна гэсэн ийм зүйлүүд дээр хүлээлттэй байгаа.
Гэхдээ одоо бид мөнгөний бодлогыг авч хэлэлцэж байгаа. Төсвийн бодлого ингээд орж ирж байна. Мөнгөний бодлогын талаар би хэлсэн. Н.Батбаяр сайдын хэлээд байгаа зүйл мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж орж ирээгүй. Хэдийгээр Н.Батбаяр сайд Н.Золжаргал ерөнхийлөгч хоёр хоорондоо тохирсон гэж ярьж байгаа боловч тэр тохирсон зүйл нь мөнгөний бодлого дээр тусгагдаж орж ирээгүй цагт Монголбанкны зүгээс эдийн засгийг өргөжүүлж байгаа энэ үйл ажиллагаанд садаа болох эсвэл нитерилизаци хийх ийм үйлдэл гарч болзошгүй гэсэн утгаар нь би үүнийг ярьсан.
Дээр нь Байнгын хорооны даргад санал болгоход урьд нь Төв банкны ерөнхийлөгч байсан, одоо дэд сайд болсон хүнийг дэд ажлын хэсэгтээ оруулах нь зүйтэй байх гэж бодож байна.
С.Дэмбэрэл: - Эхний хэлэлцсэн асуудал “Эрдэнэс-Тавантолгой”-н асуудлаар Их Хурлын гишүүд олон асуулт, маш тодорхой, тодорхой асуулт асуулаа. Гэхдээ бид нар яг үнэндээ тодорхой хариулт авсангүй шүү дээ. Тэгэхээр одоо миний бодлоор Эдийн засгийн байнгын хорооноос саяын мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулаад, гишүүдийн гаргасан саналуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий тогтоол гаргах ажлын хэсэг байгуулсан нь дээр байх гэсэн ийм саналтай байна.
Б.Гарамгайбаатар: -Манай ажилтнууд тэрийг тэмдэглээд авчихаарай.