2016-10-10 07:58:01 - Улс төр http://medee.mn/main.php?eid=84311
УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Ирэх оны төсөв ярихаас өмнө энэ Засгийн газрын Сангийн сайд хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байна вэ. Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ улс төрийн шахаа Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй гэж хэлсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Хэн нь шахдаг, хэн нь шахдаггүйг би мэдэхгүй байна. Сайд гэдэг бол улс төрийн томилгоо. Тухайн нам энэ хүнийг болно, бүтнэ гээд томилсон байх. Бизнесийн хүн бол бизнесийн ухаантай байж таарна. Сангийн сайд гэдэг хүн Монгол Улсын нийт орлого, зарлагыг балансжуулах, эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож, тооцдог. Чойжилсүрэнд магадгүй улс төрийн туршлага дутаж байж болох юм. Гэхдээ тэр хүн төсвийн ажлын хэсэгт гурван жил орж ажилласан. Энд их туршлага хуримтлуулдаг. Тиймээс учиргүй голохгүй байгаа. Цаашдаа хэрхэн ажиллах нь харагдана. 2017 оны төсөв, 2018, 2019 оны төсвийн төсөөллөөс л дүгнэнэ дээ.
-2017 оны төсвийг чуулганаар хэлэлцэж байна. Өмнөх жилийн төсвөөс хэр өөрчлөгдөж орж ирсэн байна вэ?
-2017 оны төсвийг ярихын тулд 2016 оны төсөв яаж батлагдсан юм, өмнөх жилүүдийн төсвийн бодлого хэрхэн явсан гэдгийг ярих ёстой байх. Монгол Улсын төсвийн бодлогын нэг онцлог нь улс төртэй холбоотой байдаг. Тэр тусмаа сонгуулийн цикль болон сонгуулийн тогтолцоо ямар байхтай холбоотой. 2000 оноос хойш төсвийн алдагдал ихтэй жилүүд сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүд байдаг. Жижиг мажоритарийн үед 76 гишүүн өөрийнхөө тойрогт сонгуулийн өмнөх жил илүү их хөрөнгө хуваарилахыг боддог. Энэ талаас нь аваад үзэхээр эдийн засгийн бус политэкиномын асуудал болчихож байгаа юм. Төсвийн эдийн засгийн цэвэр тооцоогоор орж ирсэн зүйл Их хурал дээр орж ирэхдээ хэлэлцүүлгийн явцад улс төрийн шийдлүүд ороод, 2006 оноос хойш арваад жилийн хугацаанд алдагдалтай батлагдсан байдаг.
-Төсвийн алдагдал нэмэгдэж орж ирсэн тухайд?
-2017 оны төсвийг ерөнхийд нь уншиж эхэлж байна. Төсөв 9.9 хувийн алдагдалтай байна. Төсвийн зардал тал дээр урсгал зардлыг танасан байна. Хөрөнгө оруулалтын зардал гэхэд 259 орчим тэрбум, Хөгжлийн банкны 100 гаруй тэрбум, концесын 100 гаруй тэрбум гээд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөг байна. 2016 оны төсөв дээр 943 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3.1 хувиар хасах байсан. Үүнийг багасгаж болно. Тэг рүү юм уу гурав руу, эсвэл ес рүү аваачих боломж байхгүй. Яагаад гэхээр орлого талаа төлөвлөхдөө бодитой төлөвлөсөн юм уу гэж харсан. Дээр нь эдийн засгийн идэвхижил буурчихсан энэ үед татварын орлого тогтовортой байж чадахгүй. Өрийн үйлчилгээний төлбөр хийгдэнэ. Энэ бүхнээс үзэхэд 2017 оны төсвийг Сангийн яамнаас оруулж ирэхдээ нэлээн гайгүй танасан байна гэж харж байна.
-УИХ-ын зарим гишүүд тэр дундаа Ардчилсан намынхан ирэх оны төсөвт шинэчлэл харагдахгүй байна гэх юм?
-Эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст 1.3 хувьтай гарах шинжтэй. Олон Улсын байгууллагуудынхаар бол 0.2-0.8 гэдэг ч юм уу, эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд доошилсон. 2016 онд Төв банкныхан шинэ тэнцвэрийг хүссэн. Нэгдүгээрт, төсвөө алдагдалгүй батлах, өөрөөр хэлбэл төсвийг тэнцвэртэй гаргах боломжгүй байна. Гэхдээ төсвийн зардлын реформ бүрэн хийж чадахгүй байна. Энэ дөрвөн жилд ч хийгдэхгүй юм байна. Энэ нь зардал их шингээгээд байгаа төрийнхөө бүтцэд өөрчлөлт оруулна гэсэн үг. Өмнөх жилүүдийн адил бонд гаргана, гадаад зээл тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр төсвийн тогтвортой байдлын тухай хууль утгаа алдаад эхэлж байгаа юм. Хэрэв төсвийн алдагдлаа гурван хувьд хүргэж чадахгүй бол манай төсөв хэцүү болно. Яагаад гэхээр төсвийн реформ хийгдээгүй энэ орчинд боломжгүй. Төсвийн бодлогоор Монгол Улс төсвөө тогтвортой буюу зохистой болгож чадахгүй нь. Тэгэхээр бусад реформ хийгдэх ёстой.
-Тухайлбал, ямар реформууд вэ?
-Төсвийн бодлогыг ер нь яах гэж баталдаг юм бэ гэхээр хөрөнгө оруулалт, хийнэ, ард түмний тэтгэвэр, тэтгэмж гэсэн нийгмийн халамжийн бодлогуудаа явуулна. Энэ тохиолдолд 9.9 хувийг зургаан хувь болгохын тулд төсвийн зардал дээр нэлээн анализ хийх хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар хотын төсөв улсын төсөвтэй холбогдож өгдөггүй байсан. Бат-Үүлийн үед ч ийм байсан, Батболдын үед ч үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл бид татвар төлөгчийнхөө хувьд тэдний тансагласан зардлыг хянаж чадахгүй гэсэн үг. Яагаад гэхээр Улаанбаатар хотын төсөв тусдаа учраас. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулахгүйгээр төсвийн харилцааг зохицуулах шаардлага гараад ирж байгаа юм. Улаанбаатарт есөн дүүрэг байна. Заавал есөн дүүрэгтэй байх ёстой юм уу гэдэг асуудлыг тавьж болно. Төсвийн реформ яригдах ёстой. Жишээ нь, 40-өөд агентлаг байна. Энэ агентлагууд Монголд хэрэгтэй юу, үгүй юу. Ялсан нам хүмүүсээ байршуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр төсвийн реформ жинхэнэ утгаараа хийгдэхгүй юм байна. Ерөнхийдөө төсвийн зарлага талаар орон нутагт эдийн засгийн идэвхижилийг бага зэрэг нэмэх буюу барилга, зам барих, нөгөө талаас 2017 оны хагас жилээс хойш Оюутолгой, Тавантолгойг ашиглана гэж найдаад, ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийг гурван хувь болгоно гэсэн концепцтэй төсөл орж ирсэн.
-Мөнгөний бодлогын тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Мөнгөний бодлогыг зайлшгүй ярих ёстой. Мөнгөний бодлого өнгөрсөн жилүүдэд хэт их мөнгө гаргасан байна, бодлогын хүүг нэмэгдүүлнэ, мөнгөний нийлүүлэлтийг хамаагүй тавихгүй, ерөнхийдөө уламжлалт мөнгөний бодлогоо явуулна гэсэн утгатай зүйл орж иржээ. Жишээ нь, инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй барина, өөр зүйл хийхгүй гэсэн бодлого байна.
-Өрхийн орлого буураад байгаа энэ үед хэн түүнийг тогтоож барих вэ?
-Төсөв алдагдалтай ч гэсэн зөв зүйлд зарцуулах ёстой. Тэр нь хүүхдэд хайртай учраас цэцэрлэг сургууль хэрэгтэй, ард түмэндээ хайртай учраас эрүүл мэнд хэрэгтэй гэдэг бодлого биш. Тэр мэдээж шаардлагатай, хамгийн гол нь өрх гэрүүд яаж наймаа худалдаа хийх вэ, орлого нь буурчихаад, хэрэглээгээ хумьчихсан хүмүүсийн идэвхи буюу эрэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь эдийн засгийн бодлогын утга учир. Энэ талаасаа бодож юу хийх вэ гэхээр олохгүй байна. Дотоод эрэлтийг нэмэгдүүлэх юу байх вэ гэхээр Оюутолгой, Тавантолгой байх юм байна. Төсвийн 500 тэрбум төгрөгөөр хүмүүс ажилтай болоод, тендерт ороод явна гэсэн зүйл харагдаад байхаас биш өрх рүү очсон, бизнесийн олонхи болсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн зээлийн нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэг зүйл харагдахгүй байна. Орон нутгийн хөгжлийн санг Өрхийн хөгжлийн сан гэж нэрлэе. Энэ рүү хөрөнгө оруулалтаа татаад дотор нь дахин байршуулах ёстой. Ингэснээр төсвийн хязгаарлагдмал хүрээнд байгаа орлого, зарлагаа зөв байршуул гэдгийг Их хурлын гишүүд анхаараасай.
Миний гол хэлэх зүйл бол дахин байршуул. Өөрөөр хэлбэл хүн рүү, аж ахуйн нэгжүүд рүү шууд хөрөнгө оруулалтыг зөв сангуудаар дамжуулаад хийчих. Манай улс 15 банктай. Тэд Засгийн газрын болон Төв банкны үнэт цаасыг худалдаж аваад тайван байж байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөл хатуурсан, бодлогын хүү нэмэгдсэн учраас банкны зээлийн хүү өмнөх шигээ хатуу байна. Энэ тохиолдолд тэд уламжлалт, найдвартай, цөөхөн зээлдэгчдээ л мөнгө зээлүүлнэ. Тэгэхээр үлдсэн хүмүүст хэн мөнгө зээлүүлэх вэ. Өнгөрсөн Их хуралд би Ломбардны хуулийг боловсруулсан, бэлэн байж байна. Мөнгө хүүлэхийн эсрэг хууль гарга. Өөрөөр хэлбэл Америк, Англид ийм хууль байна. Энэ хуулийг нам харгалзахгүйгээр хамтарч гаргах ёстой. Мөнгөний бодлогыг үзэхэд 2017 онд “амиа бодсон” мөнгөний бодлого орж ирлээ гэж харж байна. Уг нь мөнгөний бодлого зохицуулах төрхтэй байх ёстой. Энэ тал дээр Их хурлын гишүүд шатар тоглож байгаа юм шиг бодлого бодох ёстой. Хүмүүс төсвийн бодлого руу хэт их анхаараад, мөнгөний бодлогоо орхичихдог. Уг нь уялдаж явах ёстой.
-Валютын ханш буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Валютын ханшийг хэн “үсэргээд” байгааг Төв банкны Ерөнхийлөгч нь өөрөө хэлчихсэн шүү дээ. Хэн хийж байгааг нь мэдэж байгаа гэж хэлсэн. Мэдэж байгаа юм бол Бодлогын хүүгээ нэмж яадаг юм, үсэргээд байгаа хүнд нь л “болиорой” гээд хэлчихнэ биз. Хоорондоо зөрчилтэй тийм мэдэгдлүүд гаргасан. Хамгийн сүүлд Төв банкны оруулж ирсэн энэ ягаан номон дээр дамын хүчин зүйлийн тухай бичсэн байна. Би өмнө нь хэлж байсан юм, энэ талаар. Валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоог нэмээч гэсэн миний саналуудыг тусгасан байна. Мөнгөний бодлого дээр байнга ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл Төв банк энэ жил ингэж ажиллах юм байна. Институцээ сайжруулах юм байна, валютын ханшны зах зээлд оролцогчдын тоог нэмэх юм байна, дамчдыг хязгаарлах юм байна. Анх удаа энэ номонд бичсэн байна. Алдаагаа олж харсан юм байна. Дамын хүчин зүйлүүдийн нөлөөллийг валютын ханшийн зах зээлээс арилгана, ингэхийн тулд ханшийнхаа зах зээлийн оролцогчдыг нэмнэ гэсэн ийм утгатай өгүүлбэр орж ирснийг сайн зүйл гэж бодож байна.
-Дамчид гэдэг нь хэн юм бэ. Найман шаргынхан уу, эсвэл банкныхан уу?
-Валютын ханшийг хөдөлгөдөг нөхдүүд чинь нөгөө дамчид юм байна. Гэхдээ дамчид гэхээр найман шаргынхан биш. Том утгаараа банкууд шүү дээ. Хэдэн банкууд нь хүссэн үедээ валютын ханшийг хөөрөгдөж байна. Тэрийг Төв банкны Ерөнхийлөгч мэдэж байгаа гэж хэлсэн мөртлөө мөнгөний бодлогын хүүг нэмэх ямар шаардлага байсан юм бэ.
-Монголд гадны банк оруулж ирэх нь зөв үү?
-Хоёр жилийн өмнө Эдийн засгийн хямралаас гарах тогтоол гарсан. Тэрийг би санаачилсан юм. Тэр үед энийг биччихсэн байсан. Монголд гадны банкны гурав, дөрвөн төлөөлөгч байдаг. Тэд Монгол улсын эдийн засгийн идэвхижил өндөр, хөрөнгө оруулалт өндөр үед орж ирсэн. Хятадын ардын банкийг оруулж ирнэ гэж ярьдаг. Тухайн үед арилжааны банкуудын дарга нар Их хурлын гишүүдийн өрөөгөөр орсон. Бараг минийхээс бусад өрөөгөөр орсон байх. Монголын санхүүгийн систем сүйрнэ шүү, иймэрхүү санал гаргасан хүмүүс эх орноосоо урвагч шүү гэсэн хар пиар явуулаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч зөндөө гарсан. Тухайн үедээ тэгээд намжсан. Одоо харин судалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ Монгол Улсад гадны банкны салбар орж ирэхгүй гэж бодож байна. Нэгдүгээрт, арилжааны 15 банк хүсэхгүй байгаа, гадны банк орж ирээд Монголын зээлийн хүү ч буурахгүй байх. Гэхдээ зээлийн хүүг бууруулах ёстой юу гэвэл байгаа шүү дээ.
-Зээлийн хүүг таны бодлоор яаж бууруулах вэ?
-Миний бодлоор стандарт бус санал хэлээд байгаа л даа. Нэгдүгээрт, бүх банкнаас татвар авахаа боль, бүх татварыг тэглэ, тэдэнд ганцхан хүүгээ буулгах шаардлага тавь. Банкууд 100 тэрбум төгрөг ч хүрэхгүй татвар өгдөг. Энэ бол боломжгүй л дээ. Хэн ч зөвшөөрөхгүй. Зээлийн хүүгээ бууруулчихвал ард иргэд, аж ахуйн нэгжид их ач холбогдолтой. Хоёрдугаарт, Монгол Улсад 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага байна. Активын хэмжээ томтой 15 ББСБ-ыг сонгож аваад, бараг банк шиг эрх олгочих. Ингээд Сангийн яам, Төв банкны дэмжлэгтэйгээр 15 ББСБ банкны салбарт өрсөлдөөн үүсгэнэ шүү дээ. Иймэрхүү байдлаар явах ёстой. Энэ бол стандарт бус санал. Гэхдээ энийг хийчих зоригтой аавын хүү энэ засгийн үед гарах уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Энэ галзуу арга биш, боломжтой зүйл гэж боддог.
-Монголын эдийн засгийн өсөлт хэдийд жинхэнэ утгаараа хүртээмжтэй болох бол?
-Цалингийн зээлтэй 260 мянга, тэтгэврийн зээлтэй 211 мяна, хадгаламж барьцаалсан 230мянга, хэрэглээний зээлтэй 145 мянга, бизнесийн зээлтэй 65 мянга гэх мэт бараг нэг сая хүний зээлийн хүүг бууруулж байж л Монголын эдийн засгийн өсөлт жинхэнэ утгаараа хүртээмжтэй болж, улс орны, өрх гэрийн, бизнесийн wealth буюу баялаг нэмэгдэнэ. Одоо зээлийн дарамт өндөр байна. Ямар сайндаа Misery index буюу шаналгааны индексээр Монгол Улс муугаасаа сайн руу эрэмбэлсэн 108 улсаас эхний 30-д багтаж байх вэ дээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь зээлийн өндөр хүү гэдгийг УИХ-ы гишүүд төсөв, мөнгөний бодлого хэлэлцэхдээ онцгой анхаараарай гэж зөвлөмөөр байна.
-2017 оны төсөвт хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоос илүү дэд сайдуудын зардлыг танах ёстой гэдэг байр суурийг зарим гишүүд илэрхийлж байгаа. Танаж болох зардал мөн үү?
-Өнгөрсөн дөрвөн жилд адилхан тансаглал байсан. Би Ардчилсан намын гишүүн болчихоод намаа өмөөрөөд худлаа хэлж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд зардлын реформ хийгдээгүй. Одоо хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгохыг би зөвшөөрдөггүй. Зорилтот бүлэгт өгөх нь зөв. Зорилтот бүлгийг Эрдэнээ өөрөө тодорхойлсон ш дээ. Хүүхдийн мөнгөн дээр маргаад байх зүйлгүй. Харин өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийж чадаагүй зүйлийг хийгээч гэж хэлэх ёстой байсан, Ардчилсан намынхан. Бид өнгөрсөн дөрвөн жилд зардлын реформ хийж чадаагүй, тэгвэл та нар агентлагуудаа байхгүй болго, яам нь Төрийн бус байгууллагуудтай гэрээгээр ажилла. Улаанбаатар хот дүүрэгтэй байх нь зөв үү, үгүй юу гээд суурь реформыг ярих ёстой гээд хэлэх хэрэгтэй.
-Та Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцож байна уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэргэдэх Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Хамгийн гол нь хүмүүсийн эдийн засгийн боловсрол, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх юмсан гэж бодож байна.
-Та эдийн засагчидтай нийлээд клуб байгуулсан гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Ардчилсан намын, Ардын намын эдийн засаг гэж байхгүй. Монголын эдийн засаг л гэж байна. Эдийн засгийн “Think thank” клуб байгуулж байгаа. Эдийн засагчид улстөржилгүйгээр өөрсдийнхөө мэргэжлийн түвшинд, санал солилцох юм. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого ороод ирлээ. Энэ чиглэлээр гадаад, дотоодод сураад, судлаад, мэргэшсэн хүмүүс нэгдэж байгаа. Улирал бүрт нэг удаа хуралдаад, статистикийн мэдээллийг үзэж, Монгол Улсын эдийн засагт дүгнэлт хийх, цаашдаа Засгийн газар Сангийн яам Төв банкны анхаарвал зохих зүйлийг хэлж өгөх ч гэдэг юм уу, хувийн хэвшлийн томоохон компаниудын төсөв хөтөлбөр хэрэгжүүлэхэд тусалж, эдийн засгийн болон санхүүгийн тооцоо, анализ хийх юм. Миний шинэ ажил гэх үү дээ.
Ж.ГАНАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Tweet