Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс
2013 оны 06 сарын 28-нд 11.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцсэн асуудал:
1. Үндэсний Их Наадмын тухай хуулийн төсөл дээр
С.Дэмбэрэл: УИХ-ын нэр бүхий гишүүдийн энэ хууль тогтоох санаачилга дээр эрхийг хүндэтгээд байна. Гэхдээ даргаас бас нэг зөвшөөрөл авах гэсэн юм. Энэ хуулийн төслийг би бүхэлд нь эсэргүүцэж байгаа учраас, эсэргүүцэж байгаа саналаа хэлээд энэ ажлын хэсгээс намайг чөлөөлж өгөөч гэсэн ийм санал байна нэгдүгээрт.
Хоёрдугаарт: Ер нь, нэг бөхийн цолны тэмдэг нэрийг нэмж хасахын тулд далай байна уу, нуур байна уу, гол байна уу, даян байна уу, даяарчлал байна уу, энийг хэлэлцэж байдаг энэ Улсын Их Хурал ямар сонин байгууллага вэ? Энэ чинь хууль санаачлах байтугай, бусдын хууль санаачлах, бусдын өөрөө өөрсдийгөө удирдах эрхийг нь булаан авч, хийж байна шүү дээ. Гэтэл хуулийн төслийн үзэл баримтлал гэхээр өрсөлдөөн гэчихсэн байгаа. Өрсөлдөөн. Нэг чимгийг аваад, нэг чимгийг нэмээд, нэг заалтыг хасахаараа өрсөлдөөн болчдог юм уу? Тэгээд дээр нь, үнэхээр бөхийн асуудлыг шийдэх гээд байгаа юм бол тэр найрааны асуудлыг яаж зохицуулахаар оруулсан юм бэ? Яавал шударгаар өрсөлдөж, найраа хийхгүй байх юм бэ? Энэ асуудал яаж тусгагдсан юм бэ? Тэр чинь алга байна. Тэгсэн мөртлөө 512,1024 гэсэн ийм юм яриад байдаг. Өөрөөр хэлбэл үзэл баримтлал гэдэг үг энд чинь зохихгүй байна, хуулийн төслийн үндэслэл, хамрах хүрээ, үндсэн шаардлага, нийгэм, эдийн засгийн дагавар гэдэг үг чинь энэ хуулийг уншихаар инээд хүргээд байна. Гэхдээ та бүхний хууль хийж байгааг ямар нэгэн байдлаар доош нь чихэж байгаа юм биш. Зүгээр л, бид ийм хууль санаачлах шаардлагатай юу? Энэ чинь Монгол Улсад үнэхээр хэрэгтэй юм уу? Эсвэл тэр төрийн бус байгууллагууд нь, мэргэжлийн олон холбоод нь байгаа. Эд нар нь өөрснөө шийдээд, зохицуулаад явах нь өөрсдийнх нь зохицуулалтын асуудал шүү дээ. Дээр нь энэнийг бүүр энгийнээр хэлье. Х.Баянмөнх гуай юу гэж хэлсэн юм? Ж.Мөнхбат гуай юу гэж хэлсэн юм? А.Сүхбат юу гэж хэлсэн юм? Бусад холбоод юу гэж үзэж байгаа юм бэ? Энэ бүх өөрснөө шийдчих асуудлыг УИХ-ын гишүүд бид 2013 онд, баяр наадмын тухай хууль болгож ярилцаад, Монгол үндэстний соёл иргэншлийн олон зуун жил явж ирсэн түмэн зүйл зан заншлыг хуульчилдаг, хуулиар зохицуулдаг ийм буруу практиктэй болж байна. Бусад улс орнуудад иймэрхүү зүйлүүдэд төр нь ерөөсөө оролцдоггүй. Үүнийг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын өөрснийнх нь шийдэх асуудал гэдгийг би хэлээд, миний санал гэж тооцуулмаар байна. Даргаас зөвшөөрөл аваад, явахыг минь зөвшөөрнө үү.